Хятадын эрх баригчид Хонконгийн жагсагчдад хандан галаар наадахгүй байхыг анхааруулсан байна. Хонконгт өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон жагсаал нэлээд өргөн хүрээг хамарч, жагсагчид томоохон хурдны замууд, нисэх буудлын үйл ажиллагааг доголдуулан, эмх замбараагүй байдал үүсгэсэн билээ.
Уг жагсаал цуглааны үеэр олон зуун хүн баривчлагдаж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа саатаж, ихээхэн алдагдал хүлээгээд байгаа ба Хонконгийн удирдагчид ч нөхцөл байдал хяналтаас гарсныг хүлээн зөвшөөрсөн юм.
Хонконгчууд анх эх газрын Хятадад “Хэрэгтэн шилжүүлэх тухай” хуулийн төслийг эсэргүүцэн жагсаж эхэлсэн. Хэдийгээр уг хуулийн төслийн хэлэлцэх хугацааг хойшлуулаад байгаа ч бүрмөсөн хүчингүй болгохыг засаг захиргаанаас шаардаж байгаа билээ.
Бээжин энэхүү эмх замбараагүй байдал энэ чигээрээ үргэлжилбэл цэрэг илгээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Хонконгтой хил залгаа хотод 12 мянган цагдаа олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг намжаах сургуулилалт хийж, сургуулилалтын бичлэгийг олон нийтийн цахим сүлжээнд тараасан нь анхаарал татаж байна.
Энэхүү сургуулилалтыг удахгүй болох БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн арга хэмжээний бэлтгэл ажил хэмээн тайлбарлаж байгаа ч бодит байдлыг харвал Хонконгод болж буй жагсаал цуглааныг дүрсэлсэн нь хонконгчуудад анхааруулга өгч байгаа гэж ойлгогдохоор байгаа юм.
Эх сурвалж: BBC