Сайдын тушаал Яармагийнхныг усанд автуулав

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Сайдын тушаал Яармагийнхныг усанд автуулав

Сайдын тушаал Яармагийнхныг усанд автуулав

Яармагийнхан өчигдөр усанд автаж, хотын захиргааныхныг түргэн авахууллаа. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2017 онд “Талст ширээт” компанид аялал жуулчлалын зориулалтаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 га газар ашиглах эрх олгожээ.

Гэтэл тус компани авто замын ус гаргалгааны хоолойг хааж, барилга барьснаас бороо ороход уулын ус төв зам руу бууж, үерт автуулсан байна. Наадамчдын гудамж тэр чигтээ усанд автаж, жолооч нар автомашинаараа ус туулахаас аргагүй болж, заримынх нь тээврийн хэрэгсэл эвдэрсэн бол хүүхэд, хөгшид гэрээсээ гарах эрхгүйгээр хөл хоригдов. Залуучууд уртын харайлтаар харайж, зарим нь хашаа хорооноос дүүжлэгдсээр автобусны буудалд хүрэв.

Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаагийн тайлбарласнаар бол өнгөрсөн зургадугаар сард Мэргэжлийн хяналтынхан тус газарт ажиллаад “Талст ширээт” компанид үүрэг өгчээ.  Тодруулбал, борооны улмаас гадаргуугийн болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж, авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж, зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий” гэсэн даалгавар өгчээ.

Нийслэлийн Авто замын газраас мөн “Талст ширээт” компанид үерийн усны даланг хааж барилга барьсан байна. Холбогдох ажлуудыг яаралтай хий” гэдэг шаардлага тавьсан аж. Харин “Талст ширээт” компанийн захирал н.Даваадорж “Үерийн далан гаргах зураг төсөл бэлэн болж байгаа. Зам дагуух моддыг өөр газарт шилжүүлж суулгаж өгөөч гэдэг хүсэлт тавихад өнөөдрийг хүртэл шилжүүлээгүй. Үүнээс болж үерийн даланг барих боломжгүй байна” гэж тайлбарлав.

Тэд ийн бие бие рүүгээ буруугаа “чихсэн” ч тэрбум, тэрбумаар нь зарцуулан барьсан дэд бүтэц эвдэрч, дахин хөрөнгө гаргахаас аргагүйд хүрээд буй юм.

Нөхцөл байдалтай танилцсан хотын дарга С.Амарсайхан “Барилга эхлүүлэх, үргэлжүүлэх зөвшөөрөлгүй байж үерийн усны даланг хааж, барилга барьчихаад одоо усанд автсан энэ зам талбайг хар. Зөвшөөрөлгүй 10-20 давхар барилга барих болохоороо барьж болдог хэрнээ үерийн усны даланг заавал зөвшөөрөлтэй барина гэж болох уу. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам дэд бүтцийг эвдэлж сүйтгэсэн, явган хүний замыг шавар шавхайд хутгаж, олон иргэдийг хохироосон хохирлыг танай компани бүрэн төлж барагдуул. Мэргэжлийн хяналт, Авто замын хөгжлийн газар, Геодези зураг зүйн хяналтын газрууд хоорондоо уялдаа холбоогоо нэгтгэж, хяналтаа сайжруул. Энэ компанийн үйл ажиллагааг зогсоо. Үерийн даланг засаж, үерийн усыг зайлуулах ажлыг түргэн шуурхай хий” гэсэн үүрэг даалгавар өгсөн юм.

Оршин суугчдын хэлснээр, уг газарт бороо орох бүрийд уулын ус их хэмжээгээр орж ирдэг болжээ. Гэхдээ өчигдрийнх шиг үерт автуулж байгаагүй. Ус зайлуулах сувгийг хааж барилга барьсан нь ийм байдалд хүргэлээ. Зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтан нь хариуцлага хүлээх ёстой” хэмээн бухимдаж байв.

Жил жилийн хавар Улаанбаатар хот авто замаа шинэчлэн засварлахаар нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргадаг. Гэвч нөгөө талд нь зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүйгээр барилга барихдаа ус зайлуулах суваг шуудуу, үерийн даланг хааж, боож эсвэл эвдэлдэг нь эргээд татвар төлөгчдийн хөрөнгө мөнгө үнэгүйдэх, дахин их хөрөнгө гаргаж, ажил хийхээс аргагүйд хүргэдэг алдаа энэ мэтчилэн давтагдсаар байна.

Хууль зөрчсөн аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага ч тооцдоггүй. Ажил хариуцсан эрх бүхий албан тушаалтнууд нь ажилдаа ч эзэн болдоггүй. Гамшиг нүүрлэхэд сая нэг сэхээ авч, өмнө нь ийм ч даалгавар хүргүүлж байсан, хүлээж аваагүй гэдэг шалтгаан тоочихоос өөрөөр хийж гийгүүлсэн ажилгүй суух албан тушаалтнуудыг чөлөөлж болдоггүй юм уу, хотын дарга аа.

Төр газар олголтын тогтолцоогоо эргэн харахгүй бол толгойтой бүхэн нь газар олгодог замбараагүй эрх мэдэл хот төлөвлөлтийг гутааж, газрын маргааныг ч өдөөн, хууль зөрчигчдийг ч өөгшүүлэн нийслэлийн бүтээн байгуулалтад зарцуулдаг хөрөнгийг үнэгүйдүүлэх болсоор удлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж