Хотын зам засварын ажлууд хэзээ дуусах вэ?

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Хотын зам засварын ажлууд хэзээ дуусах вэ?

Энэ зун хур бороо элбэгтэй, үргэлжилсэн бороо олон хоногоор орж байна. Борооны улмаас авто замын бүтээн байгуулалтын ажил удааширч байгаа талаар өмнө нь мэдээлсэн. Энэ удаа нийслэл хотод  хийгдэж буй томоохон зам засварын ажил хэдэн хувьтай үргэлжилж, хэдийд дуусах талаарх мэдээллийг бэлтгэлээ.


ЗАМЫН ЦАГДААГИЙН ГҮҮРЭН ГАРЦЫГ 25-НД НЭЭНЭ

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох байгууллагын удирдлагууд наймдугаар сарын 1-нд “Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц” барих ажлын явцтай танилцсан. Энэ үеэр наймдугаар сарын 25 гэхэд үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхийг үүрэг болгосон.

Олимпийн гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц одоогоор 72 хувьтай байна. Үндсэн гүүрийн ажлын явц 90 хувьтай ажил үргэлжилж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлжээ.

100 АЙЛ ОРЧМЫН ЗАМ ЗАСВАР НАЙМДУГААР САРЫН 15-НД ДУУСНА

Түгжрэл ихтэй 100 айл орчмын замын засвар, шинэчлэлийн ажлыг долдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 15-ныг хүртэл хийнэ гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлсэн билээ.

Цагдаагийн гудамж, 100 айлын замын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замыг гурван хэсэгт хуваан хэсэгчлэн хааж, засварын ажлыг хийж буй. Эхний ээлжинд долдугаар сарын 1-нээс 10-ныг хүртэл 32-ын тойргоос Хангай хотхон хүртэлх 0.3 км зам, Хангай хотхоноос Улсын бүртгэлийн ерөнхий газар хүртэлх 0.6 км замыг долдугаар сарын 15-наас 28-ныг хүртэл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 100 айлын уулзвар хүртэлх 0.7 км замыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хааж, авто замыг шинэчлэхээр төлөвлөжээ.

Эхний хаасан 0.3 км замыг наадмын дараагаар долдугаар сарын 15-нд хүлээлгэж өгөхөөр график төлөвлөгөө гаргасан боловч үргэлжилсэн борооны улмаас дөрвөн хоног хойшилж, 300 метр замын хучилтыг бүрэн авч, замыг нээсэн талаар өмнө нь мэдээлж байсан.

БАЯНЗҮРХИЙН ГҮҮРИЙН АЖИЛ 69 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

БНХАУ-ын Засгийн газрын урт хугацааны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй томоохон төслүүдийн нэг болох Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 у/м, дөрвөн эгнээ гүүрийн ажил үргэлжилж байна.

Шинэ гүүрийн барилгын ажлын хүрээнд наймдугаар сарын 3-наас 4-ний хооронд дөрвөн тасалгаат хайрцган дам нурууны 120 у/м хэсгийн доод үе болон хавирган хананы хэсэгт 191 машин 1337 куб бетоныг 20 цаг тасралтгүй цутгаж дуусчээ. Одоо нийт ажлын явц 69,60 хувьтай байгаа бөгөөд Налайх-Чойрын замын шинэчлэлтэй холбоотойгоор ирэх аравдугаар сард дуусах төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байна.

НАЛАЙХ-ЧОЙР ЧИГЛЭЛИЙН ЗАМЫН АЖИЛ ИРЭХ 10 ДУГААР САРД ДУУСНА

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй томоохон төслийн хүрээнд Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн.

Уг замын ажлыг эхлүүлээд дөрвөн сар болж байгаа ч 34.74 хувьтайгаар гүйцэтгэж байна гэсэн мэдээллийг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас өгсөн. Одоогоор гурван нүхэн гарц, ус зайлуулах 38 ширхэг хоолойн ажил хийхээс 30 хоолой, нэг нүхэн гарцыг бүрэн хийж дуусчээ.

Налайх-Чойрын чиглэлийн 20,9 км түр зам хүчтэй усархаг борооны улмаас эвдрэл ихээр үүсч, нөхцөл байдал хүндэрсэн учраас наймдугаар сарын 05-ны шөнө шуурхай бригад яаралтай арга хэмжээ авч хөдөлгөөнийг нээсэн юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж