-Залуучуудын шигшээ баг Мозамбик (62:58), Чилийн (72:54) багуудыг хожиж, "Универсиад"-ын 17-р байрын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа-
Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадам БНСУ-ын Гванжу хотноо болж байна. Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), БНСУ-ын Засгийн газрын ивээл дор болж буй энэхүү наадам долдугаар сарын 14-ний өдөр өндөрлөх юм.
“Универсиад”-ын сагсан бөмбөгийн тэмцээнд манай залуучуудын шигшээ баг оролцож байгаа билээ. Тэгвэл манай сагсчид өнөөдөр Чилийн багийг 72:54 онооны харьцаагаар хожиж, тус наадмын 17-18-р байрын төлөө өрсөлдөхөөр шалгарлаа. Өнөөдрийн тоглолтод Э.Дөлгөөн 18 оноо, 12 самбараас бөмбөг авч багийнхнаа манлайлсан бол А.Тэмүүжин мөн 18 оноо, 8 самбар бүртгүүлж шилдэг тоглолтыг үзүүллээ.
Маргааш буюу долдугаар сарын 13-ны өдөр Монгол-Швейцарийн аль хожсон нь тус наадмын 17-р байрыг эзлэх юм.
Тус наадмын "В” хэсэгт ОХУ, Швед, Канад, Монтенегро, Мексикийн багуудтай багтсан манай залуучуудын шигшээ баг хэсэгтээ хараахан хожил авч чадаагүй юм. Харин 17-24-р байрын төлөө тоглох эрхийг авсан сагсчид тус наадмын анхны хожлоо өнгөрсөн баасан гаригт(VII.10) Мозамбикийн багийг 62:58 онооны харьцаагаар хожиж авсан юм. Тэгвэл өнөөдөр шийдвэрлэх тоглолтоо Чилийн багтай хийж, 72:54-өөр хожиж, тус наадмын хоёр дахь хожлоо авлаа. Улмаар маргааш 17-р байрын төлөө Швейцарийн багтай тоглох юм. Швейцарийн багийн хувьд "D" хэсэгт нэг хожил авч хэсгийн тавдугаар байраар шалгарчээ. Улмаар Тайвань, Мексикийн багуудыг хожиж, манай багтай учраа таарсан байна.
Ч.БОЛОР