Монгол-Хятадын экспод ОХУ, БНСУ, Итали улс оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Монгол-Хятадын экспод ОХУ, БНСУ, Итали улс оролцоно

Монгол-Хятадын гурав дахь удаагийн экспо ирэх есдүгээр сарын 6-наас 10-ны хооронд Өвөрмонголын өөртөө засах орны Улаанцав хотод болох гэж байна. Гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй тус экспоны үеэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, стандарт хэмжилзүйн хамтын ажиллагааны чуулган болох бөгөөд монголын дүр төрхийг харуулсан үзэсгэлэн, ноос ноолууран бүтээгдэхүүний загварын шоу болохоор төлөвлөгджээ.

Энэ удаагийн экспод ОХУ, БНСУ, Итали гэсэн гурван улс урилгаар оролцох юм байна. Мөн Монгол, ОХУ, БНХАУ, БНСУ, Итали гэсэн таван улсын форум болох аж.

Хоёр жилд нэг удаа зохион байгууллагддаг тус экспод Монголын талаас нийт 400 аж ахуйн нэгж оролцох боломжтой юм байна. Иймээс БНХАУ-ын зүгээс экспод оролцох Монголын аж ахуйн нэгжүүдэд анхааруулга хүргүүлжээ.

Тодруулбал, гахайн мялзан өвчин гарсантай холбоотойгоор гахайн мах, махан бүтээгдэхүүн, гахайн өөх орсон бүтээгдэхүүнийг БНХАУ-ын хилээр гаргахыг хориглосон байгаа юм байна. Мөн хоёр улсын хооронд сүү, сүүн бүтээгдэхүүний хэлэлцээ хийгдээгүй байгаа тул энэ төрлийн бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй гэдгийг анхааруулжээ.

Үүнээс гадна Монголоос БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох эрхтэй 13 аж ахуйн нэгж дээрх экспод оролцох боломжтой юм байна. Эдгээр аж ахуйн нэгжээс бусад мах,махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд энэ удаагийн экспод оролцох боломжгүй гэдгийг ХХААХҮЯ-наас хэлж байсан юм.

Мөн Монгол-Хятадын экспоны голлох худалдан авагчид нь өвөрмонгол, хятад хүмүүс байх тул компани, бараа бүтээгдэхүүний танилцуулгаа хятад хэл дээр хэвлүүлэх, худалдан авагчид wechat-аар голчлон худалдан авалт хийдэг тул энэ тал дээр холбогдох байгууллагууд зохицуулалт хийхээр ажиллаж байгааг дуулгасан юм.

Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг хоёр улсын анхны экспо 2015 онд зохион байгуулагдсан бөгөөд 250 аж ахуйн нэгж оролцож, 1.2 сая юанийн борлуулалт хийсэн бол хоёр дахь удаагийн экспоны үеэр нийт 400 аж ахуйн нэгж оролцож, 6.2 сая юанийн борлуулалт хийсэн байна.

Монгол Улс БНХАУ-тай 2020 онд гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа энэ үед гурав дахь удаагийн экспо маш их түлхэц өгөх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс илэрхийлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж