"Зүрхэнд төхөөрөмж суулгах мэс заслыг амжилттай хийлээ"

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

"Зүрхэнд төхөөрөмж суулгах мэс заслыг амжилттай хийлээ"

Зүрх судлалын тасгийн их эмч, Зүрхний хэм судлалын багийн ахлагч Х.Мөнгөн-Өлзий

Зүрхний булчингийн сулрал, зүрхний архаг дутагдал оноштой хүнд өвчнөөр шаналж буй 18-хан настай хүүгийн зүрхэнд зүрхний агшилт дэмжигч төхөөрөмж суулгах мэс засал эмчилгээг долдугаар сарын 29-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрхний хэм судлалын баг, зүрхний дутагдлын баг ба Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эмч нар хамтран амжилттай хийжээ.

Эмчилгээний төхөөрөмж суулгах мэс засал нь зүрхний архаг дутагдлын орчин үеийн эмчилгээний арга бөгөөд Монгол Улсад хийсэн дөрөв дэх тохиолдол болж байна. Уг мэс засал эмчилгээг удирдан хийсэн тус эмнэлгийн Зүрх судлалын тасгийн их эмч, Зүрхний хэм судлалын багийн ахлагч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа. Тэрбээр зүрхний агшилт дэмжих төхөөрөмжийг 2013 оноос эхлэн судалж, Герман улсад энэ чиглэлээр мэргэшжээ.

-Монголд анх удаа 18 настай хүүгийн зүрхэнд аппарат суулгах мэс заслыг амжилттай хийсэн гэж сонслоо. Хүүгийн зүрхний ажиллагаа 40-50 насанд тохиолддог өвчтөнүүдийнхээс ч маш бага үзүүлэлттэй байсан гэсэн. Мэс засал эмчилгээний талаар ярихгүй юу?

-Зүрхний булчингийн агшилт алдагдсан буюу зүрхний архаг дутагдлын үед эмийн эмчилгээний зэрэгцээ зүрхний агшилт дэмжигч төрөөрөмжийг зүрхэнд нь суулгах мэс засал хийдэг юм. Яг ийм оноштой М.Мөнх-Очир хүүгийн зүрхэнд тус төхөөрөмжийг суулгах мэс засал эмчилгээг долдугаар сарын 29-нд амжилттай хийлээ. Энэ мэс засал нь Монгол Улсад хийсэн дөрөв дэх тохиолдол болж байна. Харьцангуй залуу буюу 18 настай, мөн зүрхний агшилт маш хүнд зэргээр буурсан гэдгээрээ бусад тохиолдлуудаасаа өөр байлаа. Зүрхний архаг дутагдал гэдэг өвчин ихэвчлэн өндөр настай хүмүүс буюу 40-70 насныханд илэрдэг. Өмнө нь энэ хагалгааг хийсэн гурван тохиолдол нь 40-60 насны хүмүүс байсан юм.

Хүүгийн биеийн байдал нэлээд хүнд, тогтворгүй байсан учраас эрсдэл өндөртэй мэс засал болсон. Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний хэм алдагдлын баг, зүрхний дутагдлын баг, Эрчимт эмчилгээний багийнхан хамтарч ажилласан. Хүүхдийг мэс засал эмчилгээнээс өмнө Эрчимт эмчилгээний тасагт хяналтад байлган, эмчилгээ хийж тогтворжуулсны дараагаар мэс засалд бэлтгэн оруулсан. Мэс заслын үеэр ямар нэгэн хүндрэл гараагүй, амжилттай хийгдсэн. Залуу хүн гэдэг утгаараа илүү үр дүнг энэ эмчилгээнээс хүлээж байгаа.

-Одоо хүүгийн биеийн байдал ямар байна. Цаашид ямар эмчилгээ хийх шаардлагатай вэ? Хүүгийн зүрхэнд аппарат суулгаснаар бүрэн төгс эмчилгээ болж чадах уу?

-М.Мөнх-Очир хүүгийн хувьд зүрхний дутагдал хүнд зэрэгтэй, мөн олон эрхтний хавсарсан дутагдалтай их хүнд тохиолдол байсан. Урьтаж сайтар бэлтгэж хагалгааг хийсэн тул одоо хүүгийн биеийн байдал харьцангуй тогтворжсон байна. Тус төхөөрөмж хүний биед ажиллаж эхэлснээс хойш хүний биед хэдий удаан ажиллана төдийчинээ үр дүнг харуулах болно. Иймд цаашид эерэг өөрчлөлтүүд гарна гэдэгт итгэж байна. Зүрхний агшилтыг дэмжих төхөөрөмжийн хувьд хүний биед суулгасан минутаас эхлэн ажиллах горимтой байдаг. Энэ төхөөрөмжийг долоо хоног бүр арьсны гаднаас утасгүй технологиор цэнэглэж, хүний биед насан туршид нь ажиллах боломжтой байдаг юм. Одоо Мөнх-Очир хүүгийн төхөөрөмж бүрэн чадамжаараа ажиллаж эхэлсэн байгаа.

Мэдээж энэ эмчилгээ нь зүрхний дутагдлын төгс эмчилгээ биш. Өдөр тутмын эмийн эмчилгээ маш чухал байдаг. Үүн дээр нэмээд дэмжих эмчилгээ болж байна гэсэн үг. Иймээс мэс заслын дараа эмэн эмчилгээ зайлшгүй үргэлжлэх шаардлагатай. Энэ эмчилгээ агшилт нь улам даамжран муудаж байгаа зүрхний үйл ажиллагааг дэмжиж, улам дордуулахгүй байлгахад зорьдог.

М.Мөнх-Очир хүүгийн хувьд зүрх нь нэлээд тэлэгдсэн ба агших чадвар нь 17-хон хувь болтлоо буурсан учраас эмийн эмчилгээ ба төхөөрөмж суулгах эмчилгээгээр зүрхийг бүрэн эрүүл болгож чадахгүй. Тэгэхээр цаашид зүрх шилжүүлэн суулгах эмчилгээний асуудал яригдана. Зүрх шилжүүлэн суулгах гэдэг нь маш хүнд эмчилгээ байдаг. Эхлээд зүрх шилжүүлэн суулгах жагсаалтад орж, тухайн хүүхдэд тохирох зүрхтэй хүнийг гарч ирэхийг хүлээнэ. Энэ хугацаандаа гадны эмнэлгүүдээр амьдрах шаардлагатай болдог. Энэ нь зүрх бэлэн болоход мэс засалд ороход бэлэн байх шаардлагатай байдгаас хамааралтай. Иймд бидний хувьд хүүгийн биеийн байдлыг сайжруулах боломжтой бүх эмчилгээг хийх нь чухал гэж үзсэн.

Мөн Улсын гуравдугаар эмнэлгийн захиргааны баг, эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Чанарын баг маш ихээр дэмжиж ажилласан нь мэс засал амжилттай болох, мэс засал эмчилгээг хийх боломжийг бүрдүүлж чадсан гэж бодож байна.

-Хүний зүрхэнд зүрхний агшилт дэмжигч төхөөрөмж суулгасан дөрөв дэх тохиолдол гэсэн. Монголд энэ төрлийн мэс засал, эмчилгээг нэвтрүүлээд хэдэн жил болж байна вэ?

-Монгол Улсын хувьд зүрхний хэм алдагдлын багийнхан сүүлийн таван жилийн турш нэвтрүүлэхээр ажиллаж, 2017 оны нэгдүгээр сараас хийж эхэлсэн. Энэ эмчилгээ маань олон улсад ч гэсэн харьцангуй шинэ эмчилгээндээ орж, дэлхийн цөөн оронд хийгддэг. Гэсэн хэдий ч олон улсын бодит эмчлүүлэгч нарт хийсэн судалгаанууд тус эмчилгээ нь маш үр дүнтэй болохыг бүрэн нотолсон.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хувьд багийн системээр ажилладаг онцлогтой. Зүрхний хэм судлалын, зүрхний дутагдлын, хавхлагын гэх мэт баг болж хамтарч, нягт уялдаатай ажилладаг. Энэ хүүхдэд манай эмнэлгийн зүрхний дутагдлын баг, зүрхний хэм судлалын багийнхан Эрчимт эмчилгээний нэгдсэн тасгийн эмч мэргэжилтэнүүд хамтран эмчилгээг хийсэн. Цаашид ч ийнхүү олон хүнд туслахыг зорьж байна.

-Энгийн үгээр тайлбарлавал хүний зүрхийг аппаратаар орлуулна гэсэн үг үү?

-Зүрхний агшилтыг дэмжих төхөөрөмжийг хүний биеийн эгэмний доод хэсэгт арьсны цаад талаар суулгаж, цахилгаан утсыг хүний зүрхэнд оруулдаг. Хүний зүрх рүү хоёр цахилгаан утсыг судсаар дамжуулан оруулж бэхэлдэг. Цахилгаан утасны эсрэг төгсгөлд төхөөрөмжийг холбодог юм.

Зүрхний дутагдал үүссэн үед зүрх агших болгонд өөрөөсөө ионуудыг алдаж байдаг. Хүний зүрхний эсээс ион хэчнээн их гадагшилна, дараа дараагийн агшилт нь суларч байдаг. Тийм учраас зүрхний дутагдал гэдэг өвчин улам даамжирч муудаж байдаг өвчин. Энэ төхөөрөмж зүрх агших үед зүрхэнд бэхэлсэн цахилгаан электродуудаар дамжулан зүрхийг цахилгаанаар цохиж байдаг. Мэдээж тэрийг хүн өөрөө мэдрэхгүй. Ийнхүү эмчилгээг хийснээр зүрхний эсээс гадагшилж байсан ионуудыг эргүүлэн эс рүү хийж өгдөг. Ингэснээр зүрхний агшилт нь даамжран муудах нь удаашрах, эсвэл зүрхний үйл ажиллагаа сайжирдаг гэсэн үг юм.

Манай эмнэлгийн хувьд зөвхөн Монгол Улсдаа энэ мэс засал эмчилгээг хийхийн зэрэгцээ өөр улсад очиж, энэ хагалгааг нэвтрүүлэхэд сургагч багшаар оролцдог. Хамгийн сүүлд 2019 оны нэгдүгээр сард Казахстан улсад очиж, тус эмчилгээг нэвтрүүлэхэд сургагч багшаар ажиллаад ирсэн.

-Хагалгаа хэдэн цаг үргэлжилсэн бэ?

-Тус мэс засал эмчилгээг хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийдэг. Мэс заслын хувьд 1 цаг 30 минут үргэлжилсэн. Судас хатгаснаас хойш цахилгаан утсуудыг зүрхэнд нь оруулж бэхлэхэд гурван минут орчим хугацаа зарцуулсан. Эрсдэл өндөртэй мэс засал хэдий ч багийн бэлтгэл хангалттай сайн тул ийнхүү богино хугацаанд амжилттай хийж гүйцэтгэж чадсан. Энэ дашрамд, тус мэс засал эмчилгээнд бэлтгэхэд болон хийх үед хамтран ажилласан нийт эмч мэргэжилтэнүүддээ талархаж байгаагаа илэрхийлмээр байна.

-Зүрх судасны мэс засал эмчилгээ өндөр өртөгтэй. Манай улсад үнэ өртгийн хувьд ямар байдаг вэ. Энэ удаагийн мэс засалд ашигласан төхөөрөмж нь хөнгөлөлтөд байдаг уу?

-Одоогийн байдлаар Монгол Улсад энэ төхөөрөмжийг 60 сая төгрөгөөр үнэлж байна. Бидний Казакстанд ажилласан туршлагаас харахад тус төхөөрөмжийн өртөг 50 мянган ам.долларын үнэтэй бөгөөд үүн дээр нь эмнэлгийн эмчилгээний зардал нэмэгдэж байсан. Хэдийгээр бусад улс орнуудтай харьцуулахад хамгийн бага үнээр нэвтэрч байгаа ч Монгол Улсын хүн амын дундаж орлоготой харьцуулбал энэ бол маш өндөр өртөг.

Эрүүл мэнд, спортын сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2015 оны зургадугаар сарын 26-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 248/161/А88 тоот хамтарсан тушаалаар өндөр өртөгтэй тусламж үйлчилгээг үзүүлэхэд төрөөс 75 хувийг хөнгөлдөг. Үлдсэн 25 хувийг иргэн гаргадаг. Тэр тушаал анх гарахад энэ эмчилгээг Монголд нэвтрүүлээгүй байсан учраас жагсаалтад ороогүй.

Харин тус эмчилгээг Монголд нэвтрүүлснээс хойш өнгөрсөн жилүүдэд өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний Зүрхний агшилтыг дэмжигч төхөөрөмж суулгах эмчилгээг жагсаалтад оруулж өгөх хүсэлтийг илгээж байгаа. Ойрын хугацаанд нааштайгаар шийдэгдэнэ гэж найдаж байна. Монгол Улсын хувьд энэ эмчилгээг хийлгэх шаардлагатай хүн олон байдаг. Манай эмнэлгийн зүрхний тасагт жилдээ 3000 аас дээш тооны эмчлүүлэгч хэвтэн эмчлүүлж байгаагийн талаас илүү хувь нь зүрхний дутагдал гэж оношлогддог. Тэгэхээр хэрэгцээ, шаардлага их байна.

-Гурван сайдын тушаалаар өндөр өртөгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд 75 хувийг хөнгөлдөг болсон шүү дээ. Ингэснээр иргэдэд илүү их боломж гарч ирж байна?

-Тэгэлгүй яах вэ. Хуучин мэс заслын тоо өртгөөсөө хамаараад цөөн тоогоор хийдэг байлаа. Өөрөөр хэлбэл маш олон өвчтөн хэрэгтэй эмчилгээгээ хийлгэж чадахгүйд хүрч байсан. Харин 75 хувийг улсаас даагаад ирэхээр эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх болсон. Жишээ нь, пейсмейкер гэж төхөөрөмж суулгах эмчилгээг харахад өмнө нь нэг иргэнээс 10-15 сая төгрөг гарч, жилд 30-40 хагалгаа хийдэг байсан. Харин одоо иргэн өөрөөсөө 1.8-2.8 сая төгрөг гаргаад энэ эмчилгээг хийлгэж байна. Ингэхэд бид жилдээ 150 хүртэл эмчлүүлэгчид пейсмейкер суулгах эмчилгээг амжилттай хийж эхэлсэн.

Хуучин маш олон хүн ирээд энэ эмчилгээг хийлгэх шаардлагатай гэдэг үгийг сонсоод хэзээ ч эргэж ирдэггүй байсан. Одоо хүн бүр өндөр өртөгтэй хагалгааг хөнгөлөлттэй үнээр хийлгэх боломжтой болжээ. Бидний ажлын тоо өвчтөний тоо нэмэгдээд ирэхээр эмч мэргэжилтнүүд ч өндөр туршлагатай болж ур чадвар нь сайжирч олон төрлийн шинэ эмчилгээг хийх боломжтой болсон. Зүрхний дутагдлын хувьд зүрхний агшилт дэмжигч төхөөрөмжийн үнэ өртгийн асуудлыг шийдвэрлээд өгвөл мэргэжлийн багийнхан иргэдэд тусламж үйлчилгээг хүргэхэд бүрэн бэлэн байна.

-Таныг зүрхний архаг дутагдлын үеийн орчин үеийн эмчилгээний арга болох эмчилгээний төхөөрөмж суулгах мэс ажилбараар мэргэшсэн эмч гэж дуулсан. Энэ чиглэлээр аль улсад суралцаж, мэргэшсэн тухайгаа ярихгүй юу?

-Би 2004 онд анх Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг төгссөн. Тэгээд 2007 оноос хойш  тасралтгүй Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллаад 14 жил болж байна. Миний хувьд 2012 оноос эхлэн зүрхний хэм алдагдлын чиглэлээр ажиллаж, олон төрлийн төхөөрөмжийг зүрхэнд суулгах эмчилгээнд суралцаж эх орондоо хийж эхэлсэн.

Улсын гуравдугаар төв эмнэлэгт Люксенбургийн Засгийн газрын дэмжлэгтэй “Зүрхний төв” нэртэй төсөл хэрэгждэг. Тэр төслийн санхүүжилтээр Германы Зүрхний төвд сургалтад явж байсан. Зүрхний агшилт дэмжих төхөөрөмжийг 2013 оноос эхлэн судалсан ба Герман улсад суралцаж байх үедээ туршлагажсан.

Зүрхэнд төхөөрөмж суулгах эмчилгээнүүдийг шинээр хийж эхлэхэд олон шатыг давж гардаг. Эхний ээлжинд гадаадын мэргэшсэн байгууллагад очиж сурах хэрэгтэй. Дараагаар нь маш олон тооны материалуудыг бие даан бэлтгэж, шалгалт өгч мэс заслын ур чадвараа дүгнүүлдэг. Дараа нь гадаадын мэргэшсэн багийн хүмүүс ирж, ажлын байрандаа мэс засал эмчилгээ хийж байгааг шалгана. Тэгэхээр энэ бүх үе шатыг амжилттай гүйцэтгэсэн гэсэн үг юм.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж