Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалтай холбогдуулан Ард түмний онц түр зөвлөл ТББ-аас /АТОЗ / оффшорын асуудлаар мэдээлэл хийхээр хэвлэлийн бага хурал зарласан юм. Гэвч оффшорын талаар мэдээлэл гэхээс илүүтэй Ерөнхийлөгчид мэдэгдэл, уриалга хүргүүлж буйгаа зарлалаа.
Манай улс 2005 онд НҮБ-ын “Үндэстэн дамнасан мөнгө угаах болон авлигын гэмт хэргийн эсрэг” хоёр конвенцид нэгдэн орсон. Гэвч ард түмнээс нуугаад хэрэгжүүлдэггүй байсан тухай АТОЗ-ын дэд зохицуулагч Д.Цогтбаатар ярьсан юм. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлах үеэрээ дээрх конвенцийн талаар тухайлан дурдсан явдал нь оффшорчдын эсрэг авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа идэвхжих итгэл төрүүлж байна. Тиймээс цаашид эх орныхоо эсрэг урвасан, оффшор данстай улстөрч, олигархуудтай төрийн тэргүүн маань тууштай тэмцэх байх гэж бид найдаж байна” хэмээн ярив.
Уг зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд: “Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д хийсэн айлчлалын үйл ажиллагаанаас “Авлигын эсрэг” НҮБ-ын конвенцыг хамтран хэрэгжүүлэх санал санаачлагаар оффшорын асуудлыг "Ард түмний онц түр зөвлөл" ТББ хөдөлгөөн тухайлан авч онцлон тэмдэглэж байна. Энэхүү ажил үйлс нь оффшорын асуудлаар 2017 онд Ерөнхийлөгчтэй байгуулсан Ард түмний хамтын гэрээний хэрэгжилтийн өндөр ач холбогдолтой бүхий алхам боллоо гэж Ард түмний онц түр зөвлөлийн зүгээс үнэлж байна” гэжээ.
Ерөнхийлөгчийн ард түмэнтэй хийсэн гэрээ гэдгийг эргэн сануулбал “Оффшор дандсанд нуугдсан 17 тэрбум ам.долларын Монголын баялгийг эх орондоо авч ирэхгүй бол Ерөнхийлөгчөөс шууд огцорно” хэмээн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа гурван сая иргэнийхээ өмнө хэлж байв.
Одоогоор Монгол Улсаас оффшор бүсэд 49 хүн 611 компани орсон гэдгийг АТГ албан ёсоор мэдэгдсэн билээ. Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр улс төрчдийг 49 хоногийн дотор оффшор дансан дахь хөрөнгөө Монголд оруулж ирэхийг уриалж байсан. Ингэснээр 200 гаруй сая доллар орж ирсэн юм. Энэ бол 17 тэрбум ам.долларын хажууд маш бага юм. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийхээ өмнө хэлсэн үгэндээ хүрэх, эс бөгөөс огцрох хоёр зам байна.
Мөн оффшорчдыг ил болгож, эх орныхоо баялгийг буцааж ирэхэд иргэдийн оролцоо чухал. Тэдний оролцоог нэмэгдүүлж, соён гэгээрүүлэхийн тулд “АТОЗ3 ТББ-аас бүсчилсэн сургалт, чуулга уулзалт зохион байгуулах хүсэлтэй байгаа аж. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгад мэдэгдэл хүргүүлж, уриалга гаргаж буй юм байна.
Холбоотой мэдээ