Замын эвдрэл ашиглалтын хугацаа дууссантай холбоотой

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Замын эвдрэл ашиглалтын хугацаа дууссантай холбоотой

Замын эвдрэл ашиглалтын хугацаа дууссантай холбоотой

Ойрын өдрүүдийн үргэлжилсэн борооны улмаас далан сэтэрч, замын хучлага урслаа гэсэн мэдээллүүд нийгмийн сүлжээгээр тарах болов. Иргэд үүнийг ус зайлуулах шугамгүй, чанаргүй замтай холбон бухимдаж байна. Замын эвдрэлийн шалтгаан үнэхээр энэ байв уу, эсвэл байгалийн давагдашгүй хүчин зүйл үү?.  Үүнийг тодруулахаар сурвалжлага бэлтгэлээ.

Бидний очсон газар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, Чингүүнжавын гудамж буюу 25-р эмийн сангаас хороолол өгсөх зам байв. Өчигдрийн орсон борооноор энэ зам үерлэж, хучилтын гадаргуу хуурч эвдэрчээ. Мөн энд тэндгүй нүх үүссэн байлаа. Уг зам хоёр урсгалтай. Өгсөх, уруудах зам дагуу ойролцоогоор 50 метр газарт ийм нөхцөл байдал үүсчээ. Тээврийн хэрэгсэл зорчиход багагүй хүндрэлтэй байв. Уг нь замын урсгал шороо, бохирдлыг цэвэрлэсэн бололтой. Гэхдээ хэзээ нөхөөс хийж, замыг тэгшлэх нь тодорхойгүй. Хажуугаар зөрөх иргэн “Энэ бороо манай улсын замын чанарыг шалгаж байна. Хотын төв зам дээрээ үерлээд, боогдоод сууж байдаг улс манайхаас өөр байхгүй дээ” хэмээн бухимдав. Нээрээ л зам дээр үер нь буугаад, үертээ зам нь урсаж, хуулраад үлгэр шиг юм болж байна.

Наймдугаар сарыг "уртын харайлтын улирал" гэж зүгээр ч нэг хэлээгүй бололтой. Хаа сайгүй үсэрсэн, харайсан, хашлага, хашаанд дүүжлэгдсэн хүмүүс. Тэгэхгүй л бол голын усыг нүцгэн хөлөөрөө гатлах мэт усан дундуур туучих болно. Залуус ч яах вэ, уртад харайгаад учраа олчихно. Харин настай хүмүүст хүндрэлтэй байгаа нь илт. Сэлэнгээс ирсэн О.Наранцэцэг ярихдаа “Эгч нь үсэрч, харайж чадахгүй болохоор тойроод л явж байна. Төмөр замын эмнэлэг орох гэж ойрхон зайд цаг шахуу боллоо. Усаа гатлах гэж тойрсоор байтал хол явчихаж. Уг нь ус зайлуулах хоолой байвал ингэж ус тогтохгүй дээ. Жил болгон энэ тухай ярих юм. Шийдэж болдоггүй юм аа даа” гэв.

Энэ бүхний шалтгааныг ус зайлуулах шугам, чанаргүй замын гүйцэтгэлтэй холбох хүмүүс олон байгаа юм.

Албаны хүний тайлбарласнаар эвдэрсэн дээрх авто замыг арваад жилийн өмнө барьсан бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусчээ. Их засварт орох ёстой ч хөрөнгөгүйгээс шинээр барих авто замын жагсаалтад багтдаггүй аж. Өнөө жил хур бороо элбэг байгаа нь энэ мэтчлэн олон жил болсон авто замуудыг "урсгаж" тээврийн хэрэгсэл зорчиход бэрхшээл учруулах болжээ.

Нэг үеэ бодвол сүүлийн жилүүдэд шинээр тавьж байгаа авто замуудад борооны ус зайлуулах шугам тавьдаг болжээ. Харин арав гаруй жилийн өмнө тавьсан, ашиглалтын хугацаа нь дуусаад байгаа Чингүүнжавын гудамжтай адил тавигдсан замууд нь ямар ч борооны ус зайлуулагч, шугамгүй хийгдсэн байна. Тиймээс авто замыг дахин шинэчлэхдээ борооны ус зайлуулагчтай байхаар барих шаардлагатай байна.

Авто замын хуулиараа тухайн замыг барьсан компани гурван жилийн баталгаа гаргаж, энэ хугацаанд ямар нэгэн асуудал гарахад засвараа хариуцаж хийдэг аж. Үүнээс цааш урсгал, их засвараа улс өөрөө төсөв гаргаж, хийх хуультай. Тэгэхээр баригдаад 10 гаруй жил болсон гэх, эдгээр ашиглалтын хугацаа дууссан, их засварт орох ёстой замуудын чанарын асуудал барьсан компаниудад хамааралгүй болж байна. Харин олигтойхон төсөв баталж, замаа шинэчилж чадахгүй явсаар үерт замаа урсгаж байгаа нь төрийн хариуцах ажил болов.

Энэ замуудыг хэзээ засварлах вэ? Энэ асуултад “Нийслэлийн авто замын газрын Засвар, ашиглалтын хяналтын хэлтэс”-ийн мэргэжилтэн Д.Заансүх хариулахдаа “Бид Чингүүнжавын гудамжны хувьд анхан шатны арга хэмжээ авсан. Хууларсан замын шороо, бохирдлыг Улаанбаатар зам засвар, арчлалтын газар шуурхай ажиллаж, зорчигчийн хэсгээс зайлуулж, нүхүүдийг ухаж, цэвэрлэсэн. Одоо бороо орж байгаа үед нойтон замыг засварлах боломжгүй. Технологийн горим зөрчигдөнө. Тиймээс нар гарч, замууд хатсаны дараа нөхөөсний засварын ажлууд эхэлнэ” гэв.

Манайд шинээр тавигдаж буй ихэнх замууд хоёр үеэр хийгддэг байна. Энэ нь нэг км замын төсөвт өртөг дэлхийн хөгжилтэй орнуудтай харьцуулахад бүр тэнгэр, газар шиг ялгаатай байдагтай холбоотой аж. Өөрөөр хэлбэл, манай улс зам барихдаа төсөв, мөнгөндөө тааруулж л хийгээд байна. Гэтэл Орос, Америк, Япон зэрэг оронд 15 үеэр буталсан чулуун сууриныхаа оронд том ширхэгтэй асфальт хийдэг ажээ.

“Талхан дээр нимгэн масло” түрхсэн мэт замууд гэж иргэд шүүмжлэх нь аргагүй ч юм шиг. Ашиглалтын хугацаа дууссан байхад ээлжит, их засвараа хийж чадахгүй байгаа улс замын зузааныг анхаарах нь юу л бол. Юутай ч ойрын хугацаанд үр ашиггүй зардлаа танаж, замын их засваруудаа яаравчлах ёстойг байгаль эх сануулсаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж