Хуулийн байгууллагын удирдлага гишүүдэд “тусална”

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Хуулийн байгууллагын удирдлага гишүүдэд “тусална”

Хуулийн байгууллагын удирдлага гишүүдэд “тусална”

УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан нэгэн ажлын хэсэг байгуулав. Энэхүү ажлын хэсэг төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, холбогдох хууль тогтоомжийн хийдэл, зөрчил болон хуулийн хэрэглээний нөхцөл байдлыг судалж, ял завшуулахгүй байх, хариуцлагыг чангатгах талаар санал, дүгнэлт гаргах үүрэгтэй аж. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ахлах бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Энхболд, Б.Пүрэвдорж, Н.Оюундарь, Ж.Батзандан нар ажиллах юм байна.

Ажлын хэсэгт туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангахаар дэд ажлын хэсэг байгуулсан бөгөөд дэд ажлын хэсэг нь хуулийн байгууллагын удирдлагуудаас бүрджээ. Тодруулбал,  Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа, Хууль зүйн байнгын хорооны зөвлөх Ж.Сүхбаатар, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, ЦЕГ-ын дарга С.Баатаржав нар ажээ. Энэхүү ажлын хэсгийн үүргийг тодорхойлохдоо “Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, мэдээллээр хангах” чиглэл болгожээ. Өөрөөр хэлбэл, хуулийн байгууллагын удирдлагууд гишүүдэд “туслах” үүрэгтэй гэж харагдаж байгаа юм. Угтаа бол хууль, хүчний байгууллага хараат бусаар ажиллах, шийдвэрээ гаргах учиртай. Гэвч дэд ажлын хэсэгт хуулийн байгууллагын удирдлагуудыг багтааж, мэдээллээр хангахыг үүрэг даалгавар болгож байгаа нь хэр зохимжтой юм бол доо.

Түүнээс гадна төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа зэргийг эргэн шалгаж, хуульд өөрчлөлт оруулсан ч хууль эргэж үйлчлэх боломжгүй учраас энэ ажлын хэсэг тийм ч “үр дүнтэй” ажиллахгүй л болов уу гэдгийг учир мэдэх хүмүүс хэлэлцэж байгааг энэ сануулах нь илүүц биз ээ.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж