Япон эхэлж атомын бөмбөг хаясан бол юу болох байв?

Хуучирсан мэдээ: 2019.08.07-нд нийтлэгдсэн

Япон эхэлж атомын бөмбөг хаясан бол юу болох байв?

Япон эхэлж атомын бөмбөг хаясан бол юу болох байв?

АНУ-аас дэлхийн II дайны үеэр Японы Хирошима, Нагасаки хотуудад атомын бөмбөг хаяснаас хэдэн мянган хүн амь үрэгдэж, улмаар Токио дайнд бууж өгсөн түүхийг бүгд мэднэ. Тухайн үед Япон улс түрүүлж атомын бөмбөг хаясан бол юу болох байсан бэ? Энэ тухай маш нууц судалгааны материалд түшиглэн бичсэн ном дэлхий дахинд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн заналхийлэлтэй нүүр тулсан энэ үед олны анхаарлыг татах болов.

Роберт К.Уилкоксийн “Японы нууц дайн” нэртэй ном анх 1995 онд АНУ-д хэвлэгдсэн боловч Японд атомын бөмбөг хаясны 74 жилийн ойгоор уншигчдын дунд эрэлттэй болж иржээ. Номын дэд гарчиг одоо цаг үетэй холбогдуулан шинэчлэгджээ. Тухайлбал, “Атомын бөмбөг хийх Японы цагтай уралдсан өрсөлдөөн” гэж байсан бол одоо “Атомын бөмбөг хийх Японы цаг уралдсан өрсөлдөөн Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн үндэс болсон нь” гэж өөрчлөгджээ.

Роберт К.Уилкокс номоо бичихдээ түүхийн нууцлаг, маргаан дагуулсан онолуудын тухай олон ном, эх сурвалжийг уншин судалсан байна. Тэрбээр номоо хэвлүүлснээс хойш 24 жилийн дараа ч дэлхийн II дайны үеийн Японы цөмийн хөтөлбөрийн талаарх судалгаагаа үргэлжлүүлсээр байв. Энэ хугацаанд тэрбээр цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байсан Японы шинжлэх ухааны ажилчидтай хийсэн ярилцлага, АНУ-ын албаныхны яриа болон бусад ил болон нууцын зэрэглэлтэй хэдэн зуун хуудас материалыг олон орноос цуглуулжээ.

ЯПОН УЛС БОЛ ДАЙСАН, БАС ХОХИРОГЧ

Япон улс атомын бөмбөг хөгжүүлж байсныг олон улс мэддэг ч зорилгодоо хүрсэн эсэх нь маргаан дагуулдаг аж. Роберт Уилкокс хэлэхдээ, улс төрийн зорилгоор АНУ-ын албаныхан дайны гэмт хэргээ нуун дарагдуулахад Япон улсад тусалсан гэдгийг онцолжээ. Тухайлбал, дайны үеэр Япон улсын албаныхан хоригдлууд дээр биологийн харгис туршилт явуулсан байна. Мөн тэрбээр Японы цөмийн хөтөлбөрийн талаар АНУ тодорхой мэдэж байгаа ч нууцалдаг хэмээн маргажээ.

Түүний бичсэнээр Япон улс ямар ч эргэлзээгүй нэг ширхэг атомын бөмбөгийг амжилттай бүтээсэн аж. Олон улс атомын бөмбөг хийхээр өрсөлдөж байсан тухайн үед Японы эрдэмтэд болон эрх баригчид энэ төсөлд бүхнээ зориулж байжээ. Роберт Уилкоксийн таамгаар Япон нь 1945 оны наймдугаар сарын 12-нд буюу Хирошимагийн бөмбөгдөлтөөс зургаан өдрийн дараа Солонгосын хойгийн тухайн үед Конан гэж нэрлэгддэг байсан газарт амжилттайгаар атомын төхөөрөмж дэлбэлж туршсан байна.

Хирошимагийн бөмбөгдөлтөд 90 мянга гаруй, Нагасакид 40 мянга орчим хүн амь үрэгдсэн гэж үздэг. Япон улс 1945 оны наймдугаар сарын 15-нд буюу амжилттай туршилтынхаа дараа дайнд бууж өгснөө зарласан нь хариу цохилт өгөхөд хэтэрхий оройтсоныг ухаарсан гэж тэрбээр үзжээ. АНУ-аас Японд 12 атомын бөмбөг хаяхаар төлөвлөсөн байв.

АНУ-ын “Washington Post” сонины Токио дахь салбарын эрхлэгч Уиллиам Чапмэн 1991 онд өөрийн хэвлүүлсэн номдоо дайны дараах боловсролын систем нь Японы эзлэн түрэмгийллийн дор зовсон ард иргэдийн талаарх мэдээллийг нууцлах бодлого барьж байсныг онцолжээ. Түүний хэлснийг батлах мэт одоогийн Японы ерөнхий сайд Абэ Шинзо, баруун жигүүрийн популист улстөрч Ниппон Кайги нар тус улсын дайны гэмт хэргийг үгүйсгэх, нуун дарагдуулахыг оролддог гэж ажиглагчид дүгнэсэн байна.

Магадгүй Япон болон Өмнөд Солонгосын хоорондох сүүлийн үеийн зөрчилдөөний далд өдөөгч нь Токиогийн дээрх бодлогоос үүдэлтэй гэж ажиглагчид үзэж буй аж. Өмнөд Солонгос нь дайны үеэр албадан хөдөлмөр эрхэлж, бэлгийн мөлжлөгт өртсөн иргэдийнхээ төлөө Японоос нөхөн төлбөр шаардсанаас хоёр орны хооронд зөрчил үүссэн юм.

АНУ-ЫГ БӨМБӨГДӨХ ТӨЛӨВЛӨГӨӨ

Япон улс атомын бөмбөг амжилттай бүтээсэн ч хожимдсон тухай цөөн орон, тэр ч бүү хэл АНУ сүүлд мэджээ. Япон улс атомын бөмбөг хийж байгааг АНУ 1945 оны эхээр олж мэдсэнээр өрсөж хөдөлсөн аж. Тухайн үеийн АНУ-ын тагнуулын байгууллага 1945 оны хоёрдугаар сард хийсэн тэмдэглэлдээ дайсны (Япон) байлдааны онгоц цөмийн зэвсэг ашигласан талаар дурджээ. Үүнээс хэдэн сарын дараа Японы тухайн үеийн парламентад эрдэмтэд дайсны усан цэргийн флотыг хэдхэн хормын дотор устгах боломжтой судалгааны ажлаа танилцуулсныг холбоотны тагнуулууд мэдээлжээ.

1945 оны тавдугаар сард баригдсан Нацист Германы том хөлөг онгоц Япон руу хагас тонн уран тээвэрлэн хүргэхээр явж байсан нь АНУ-ыг сандаргасан аж. 1946 оны үед Японы офицертой уулзсан Дэвид Снелл гэгчийн мэдээллээр дайны төгсгөлд Япон улс гурван өдөр дараалан атомын бөмбөг туршжээ. Гэхдээ 1945 онд ЗХУ Солонгосын хойгийн ихэнх газар тэр дундаа Японы атомын бөмбөгийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байсан Конан орчмыг эзэлсэн нь Токиод боломж олгоогүй аж.

Тухайн үед ЗХУ атомын бөмбөггүй байв. Солонгосын хойг дахь төсөл дээр 40 мянган япон хүн ажиллаж байсны 25 мянга нь инженер, шинжлэх ухаанчид байв. Тус байгууллага нь ажилчдаа барилгад хаалттай бүсээр ялгаварлан нэвтрүүлдэг ба цөмд нь 400 орчим мэргэжилтэн нэвтрэх эрхтэй байжээ.

Японы атомын бөмбөгийн төлөвлөгөө нь холбоотнуудын хөлөг онгоцыг Камиказе гэх амиа золиослох нисэх онгоцны тусламжтайгаар устгах байсан аж. Японы атомын бөмбөг хийсэн эрдэмтэд өдгөө Москва хотноо хоригдож буй. Тэд эрдэмтдээс атомын бөмбөг хийх технологийг нь мэдэж авахын тулд тамлан зовоодог гэж эх сурвалж мэдээлжээ. ОХУ нь анхны атомын бөмбөгийг 1949 онд туршсан байна.

УРАН БОЛ ХОЁР ҮЗҮҮРТЭЙ СЭЛЭМ

Японы эрдэмтэд атомын онолын сайн мэдлэгтэй байсан ба тэсрэх бөмбөг хийхэд их хэмжээний уран хэрэгтэйг мэдэж байв. Япон улс Солонгосыг эзлэн түрэмгийлсэн нь хойгт ураны нөөц байх боломжтойн дээр усан цахилгаан станцын хүчийг нь ашиглахыг зорьжээ. Түүнчлэн Япон улс нь холбоотон Германаас хангалттай хэмжээний уран авахыг оролдсон.

Дайны төгсгөлд Нацист Германы хөлөг онгоц дээр хоёр япон офицертойгоор 1234.59 фунт ураны оксид тээвэрлэн явж байжээ. Энэхүү ураны оксидыг амжилттай баяжуулсан бол атомын бөмбөг хийхэд хангалттай хүрэх байв. Гэвч хөлгийг Японд хүрэхээс өмнө Нацист Германы удирдагч Адольф Гитлер амиа хорлож, дайнд ялагдсанаар хөлөг онгоц холбоотны хүчинд бууж өгчээ.

Роберт Уилкокс номынхоо төгсгөлд хэрэв Япон илүү хурдан байсан бол АНУ-д атомын бөмбөг хаях боломжтой байсныг өгүүлснээс бус Хирошимагийн бөмбөгдөлтийг шүүх гээгүй гэдгээ онцолжээ. Түүний хэлэх гэсэн гол санаа нь Япон улс бол атомын бөмбөг хийхэд тун ойртсон орнуудын нэг гэдгийг сануулах аж.

Эх сурвалж: THE DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж