Шагайн харвааны тэмцээнийг Өмнөговь аймгийн баг тэргүүлсэн талаар бид мэдээлсэн. Шагайн харвааны эхний байрыг Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Б.Түвшинбаяр ахлагчтай баг тэргүүлсэн. Харин удаах байрыг Б.Шинэнбаяр ахлагчтай Улаанбаатар хотын “Уранган” баг, гуравдугаар байранд Улаанбаатар төмөр замын Л.Болд ахлагчтай баг эзэллээ. Амжилттай оролцсон багуудын хувьд шинэ залуу харваачидтайгаараа онцлог байв. Шилдэг багуудын тоонд Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн багууд тунаж үлдсэн юм. Ер нь энэ жилийн хувьд орон нутгийн багууд хүчтэй өрсөлдсөн. Мөн залуу үе ихээр орж ирсэн онцлог жил байсныг зохион байгуулагчид хэлсэн юм. Ингээд түрүүлсэн багийн сэтгэгдлийг хүргэе.
Б.Түвшинбаяр: Залуусаар хүч сэлбэж байна
-Бидний хувьд Үндэсний их баяр наадамдаа шагайн харвааны төрөлд нэг ч хожигдол хүлээлгүй түрүүллээ. Энэ жилийн хувьд баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. Манай багийн хувьд есөн хүний бүрэлдэхүүнтэй. Энэ багаараа жил гаруй хугацаанд тоглож байна. Ер нь сүүлийн жилүүдэд шагайн харвааны төрөлд залуус хүч түрэн орж ирж байгаад баяртай байдаг.
Б.Шинэнбаяр: Дөрвөн оноогоор тэргүүллээ
Хоёрдугаар байрыг шалгаруулах тоглолтонд хоёр баг хожил тэнцсэн. Ингээд багийн бүх гишүүд дахин тоголсон. Дөрвөн оноотойгоор тэргүүлж хоёрдугаар байр эзэллээ. Бид 2006-2010 оны хооронд улсын их баяр наадамд түрүүлж байсан. Энэ удаагийн багт 12-56 насны арван хүний бүрэлдэхүүн багтсан.
Л.Болд: Улсын наадамд дахин амжилтаа бататгаллаа
Манай багийн хувьд гуравдугаар байрыг эзэллээ. Энэ багаараа 15 жил харваж байна. Ер нь 30-50 насны харваачид багтсан. Өмнө нь 2007-2009 онуудад улсад түрүүлж байлаа.
Б.ЗАЯА
ЗУРАГЛААЧ Ц.АРИУНБОЛД