Сурын харвааг гэр бүлийн хоёр тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.12-нд нийтлэгдсэн

Сурын харвааг гэр бүлийн хоёр тэргүүллээ

-Үндэсний баяр наадмын халх сурын харваанд эрэгтэйчүүдээс спортын мастер Б.Батбаатар, эмэгтэйчүүдээс улсын мэргэн С.Энхтунгалаг нар түрүүллээ. Энэ нь төрийн их наадмын түүхэнд гэр бүлийн хоёр түрүүлж буй анхны тохиолдол юм-

Б.Батбаатар, С.Энхтунгалаг

Энэ жилийн үндэсний сурын харвааг гэр бүлийн хоёр тэргүүлж олны талархлыг хүлээлээ. Тухайлбал, үндэсний сурын харвааны эмэгтэйчүүдийн төрөлд С.Энхтунгалаг тэргүүлсэн юм. Харин удаах байруудад Спортын мастер О.Чинзүрх, Спортын мастер Ч.Гандав нар шалгарав.

Нэгдүгээр байрыг эзэлсэн С.Энхтунгалаг “Юуны өмнө бүх харваачиддаа баярын мэндийг хүргэж баярлалаа гэдгээ илэрхийлмээр байна. Ялангуяа эмэгтэй харваачиддаа баярлалаа. Манай гэр бүлийн хувьд энэ жил маш сайхан олз омог дүүрэн өнгөрлөө. Миний хань бид хоёр мэргэн цолтой болж улсынхаа баяр наадамд түрүүллээ. Бидний амьдрал энэ зурхайтай салшгүй холбоотой. Миний хань намайг анх сурын цурхай дээр харсан гэдэг. Ингэхээр энэ сурын талбай бидний амьдралтай салшгүй холбоотой” гэв. Түүний хувьд 29 жилийн өмнө үндэсний их баяр наадамд түрүүлж байсан. Энэ удаад 40 сум тавьж 37 оноо авсан байна.

Харин сурын харвааны эрэгтэйчүүдийн төрөлд С.Энхтунгалагийн хань Б.Батбаатар тэргүүлж мэргэн цолтой болсон юм. Түүний хувьд 32 оноогоор тэргүүлсэн. Харин удаах байруудад Т.Очироо, А.Баттөр нар оржээ.

Энэ жилийн харвааны эрэгтэйчүүдийн төрөлд 250, эмэгтэйчүүдийн төрөлд 90 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ Ц.АРИУНБОЛД

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж