Япон улсад өнгөрсөн сарын 29-нөөс эхэлсэн их халууны улмаас долоо хоногийн дотор 57 хүн амиа алдаж, 18,347 хүн эмнэлэгт хүргэгдсэн тухай тус улсын Засгийн газраас мэдээлжээ. Эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн 729 нь доод тал нь гурван долоо хоногийн эмчилгээ шаардлагатай, биеийн байдал нь хүндэрсэн байгаа гэнэ.
Зөвхөн нийслэл Токио хотод гэхэд л 1,857 хүн эмнэлгийн байгууллагад хандсан байна. Эмнэлэгт хүргэгдсэн болон нас барсан хүмүүсийн дийлэнх нь мөнгөө хэмнэхийн тулд гэрийнхээ агааржуулагчийг ихэвчлэн ажиллуулдаггүй 65-аас дээш насны хүмүүс байгаа аж. Аагим халуун болж байгаатай холбоотойгоор нарны малгай заавал өмсөх, шингэн зүйл их хэмжээгээр уухыг болон хурц наранд удаан явахаас зайлсхийхийг Японы эрх баригчид иргэддээ уриалсан байна. Өнгөрсөн жил хэт халууны улмаас Японд 150 гаруй хүн нас барж, хэдэн арван мянган хүн эмнэлэгт хүргэгдэж байжээ.
Эх сурвалж:KYODO
Холбоотой мэдээ