Хонгконгтой хил залгаа Гуандун мужийн Шэнжэн хотод өнөөдөр /2019.08.06/ Хятадын 12,000 цагдаа цугларч, гудамжны жагсаалыг дарах томоохон сургуулилалт зохион байгуулжээ. Уг сургуулилалтыг ирэх намар болох БНХАУ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойн үеэр нийгмийн дэг журмыг сахиулах бэлтгэл гэж цагдаагийн төлөөлөгч тайлбарлаж байгаа ч сургуулилалтын байдлыг харахад огт өөр зорилготой болох нь илт байгаа юм.
Энэхүү бэлтгэл сургуулилалтыг Хятадын “Yizhibo” видео сүлжээгээр шууд дамжуулсан ба дүрс бичлэгт хуяг,дуулга, бамбайгаар зэвсэглэсэн цагдаа нар хар цамц, барилгачдын улаан, шар өнгийн дуулга өмссөн жагсагчидтай тэмцэж байгаа нь харагдаж байгаа аж.
Хонгконгийн жагсагчид ч мөн дээрх шиг хар өнгийн цамц, барилгачдын улаа шар өнгийн дуулгатай жагсаж байгаа билээ.Мөн цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэж, талбай бүхэлдээ утаагаар бүрхэгдэж байгаагаар сургуулилалт хийж байгаа нь яах аргагүй Хонгконгод одоо болж буй үйл явдлыг санагдуулам байгаа юм. Хамгийн сүүлд нохойтой цагдаа нар жагсагчдыг бүслэн хааж, баривчлах ажиллагаа явуулснаар сургуулилалт өндөрлөсөн байна.
Эх сурвалж:SCMP