Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Ираны шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Ираны шигшээ баг

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий өмнө: Ираны шигшээ баг

ФИБА-н чансаан дахь Ази тивийн тэргүүн баг бол Ираны шигшээ баг юм. Иран ФИБА-н чансаанд 27-д бичигдэж байгаа бөгөөд одоогоор Ази тивийн хамгийн хүчирхэг баг гэхэд нэг их хилсдэхгүй болов уу? Хэдий тийм боловч Ираны шигшээ баг олимп, дэлхийн аваргын байнгын “зочин” биш. Тэд өмнө нь ДАШТ-д 2 удаа буюу Хамед Хаддади гэх шилдэг тоглогчийн эрин үед л олимп, дэлхийн аваргад өрсөлдөж, ААШТ-д гурвантаа түрүүлж, сүүлийн 4 Азийн наадмаас дараалан медаль хүртсэн байдаг. Өдгөө 34 настай Х.Хаддади бол аль хэдий нь нас дарж, хуучны будагтай талбайд үзүүлдэг эзэрхэг, хүчирхэг тоглолтоо гаргаж чадахгүй. Ираны сагсан бөмбөгийн сүүлийн 10 гаруй жил үзүүлсэн бүхий л амжилт, ялалтын түүх бол Х.Хаддадитай салшгүй холбоотой юм.

Ираны шигшээ баг 2019 оны ДАШТ-д оролцох эрхээ Азийн бүсээс хамгийн сүүлд авсан. Азийн бүсийн I шатанд Ирак, Катар болон Казахстаны шигшээ багуудтай нэг хэсэгт багтан 1 хожигдол, 5 хожилтойгоор хэсгээ тэргүүлэн II шатанд шалгарсан. ДАШТ-ий сонгон шалгаруулалтын эхний тоглолтуудад Х.Хаддади оролцоогүй бол сүүлийн тоглолтуудад оролцон шигшээ багтаа тусалсан. Азийн бүсийн II шатанд Австрали, Япон, Филиппин гэсэн хүчирхэг багуудтай хамтаар Казахстан, Катарын шигшээ багуудыг багтаасан F хэсэгт өрсөлдөж хэсгийн сүүлийн тоглолтууддаа Филиппин болон Австралийн шигшээ багуудыг буулгаж авч чухал ялалт байгуулснаар Хятадад ирэх эрхтэй болсон. Ираны шигшээ багийг дэлхийн аваргын эрхээ авахад Х.Хаддадигаас гадна А.Каземи болон С.Машайеки нарын тоглогчид ачааны хүндийг үүрэлцсэн.

ДАШТ бол өөр шатны тоглолт. Өмнөх 2 удаагийн ДАШТ-д оролцохдоо хэсэгтээ ердөө ганц хожил авч байсан. Ираны шигшээ багийн хувьд энэ жил ч мөн ялгаагүй тийм дүр зураг харагдаж байгаа. Учир нь ДАШТ-ий С хэсэгт Испани, Пуэрто-Рико болон Тунисын шигшээ багуудтай багтсан. 2010 оны ДАШТ-д анх оролцохдоо Тунисын шигшээ багтай нэг хэсэгт багтан буулган авч байсан бол 2014 оны ДАШТ-д Испаний шигшээ багтай багтан хожигдож байсан. Тунисын шигшээ багийг хожлоо гэхэд нөгөө 2 өрсөлдөгч нь Ираны шигшээ багт хүнд өрсөлдөгчид байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж