Орхон аймгийн Цэргийн штабын дарга иргэн Б ажлын өрөөндөө буудуулж нас барсан хэмээх мэдээлэл зарим мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч, цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Орхон аймгийн цагдаагийн жижүүрийн утсанд өчигдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 14:31 цагийн орчимд “Манай дарга ажлын өрөөндөө нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Б нь ажлын байрандаа нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллага уг хэргийн шалгалтын ажиллагааг явуулж байна. Тухайн галт зэвсэг ямар маркийн, хэний эзэмшлийн бүртгэл, судалгаатай вэ гэдэгт эхний ээлжинд шалгалтын ажиллагаа явуулна. Дараагаар нь өөрийн амийг хорлосон уу, гадны нөлөөтэй юу гэдгийг тогтооно” гэсэн юм.
А.СҮРЭН