Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Саутхэмптон клуб
  • Цэнгэлдэх: “St Mary’s” цэнгэлдэх 32,384 хүний багтаамжтэй
  • Дасгалжуулагч: Ральф Хазенхюттель
  • Багийн ахлагч: Пер-Амиль Хёйбьег
  • Лигийн аварга: 0
  • Цомын аварга: 1 удаа
  • Холбоодын цомын аварга: 0
  • Лига кап цомын аварга: 0
  • Европын тавцанд үзүүлсэн амжилт: 0

Саутхэмптон клубыг Ливерпүүл клубын академи гэвэл бага зэрэг дэгсдүүлж буй мэт сонсогдовч үнэний ортой байж болно. Учир нь Саутхэмптон клубээс С.Мане, А.Лаллана, Р.Ламберт, Д.Ловрен болон ван Дейк зэрэг олон тоглогчдыг Ливерпүүл клуб өөртөө элсүүлсэн байдаг. Английн шилдэг клуб Ливерпүүлд очих дамжлага “бааз” болсон Саутхэмптон клуб өөрөө премьер лигт тийм ч тогтвортой тоглодог баг бол биш. Клубынхээ 130 гаруй түүхэнд Английн дээд лигт тоглосон жилүүд нь байгуулагдсан цагаасаа хойш тоолбол 50% хүрэхгүй. Анх Английн хөлбөмбөгийн дээд лигт 1966-1967 оны улирал гарч ирээд 8 улирал өрсөлдсөн ч доош унасан байдаг. Хамгийн тогтвортой дээд лигт өнгөрүүлсэн он жилүүд нь бол 1978-2005 он хүртэл 30 орчим жил томчуудтай өрсөлдсөн. Хамгийн сүүлд 2011-2012 оны улиралд чампионшип дивизионд дэд байранд шалгарч премьер лигт эргэн ирснээс хойш 7 улирлыг үдээд байна.

Өнгөрсөн улирал Саутхэмптон клубын хувьд адармаатай, хүндхэн улирал байсан. Улирлыг Уэльс дасгалжуулагч М.Хьюзын удирдлага дор эхлүүлсэн ч түүнийг 2018 оны 12 сарын 3-нд ажлаа хүлээлгэж өгөх хүртэл ердөө ганцхан хожил авч 7 хожигдол, 6 тэнцээ авсан. Ингээд багийн удирдлага Австри мэргэжилтэн Р. Хазенхюттелийг дасгалжуулагчаараа томилсон. Австри дасгалжуулагч багт ирээд эхний улиралдаа клубыг премьер лигт үлдээж чадсан. Хэдийгээр улирлын төгсгөлийг тааруу хийсэн ч 9 хожил, 12 тэнцээ, 17 хожигдолтойгоор лигийн хүснэгтийн 16-р байранд 39 оноотой бичигдсэн.

Саутхэмптон клуб хэрэгтэй байгаа тоглогч бол гоол оруулдаг довтлогч. Өнгөрсөн улиралд довтолгооны хагас хамгаалагч Н.Рэдмонд хамгийн олон буюу 9 гоол оруулсан гэхээр багийн довтолгоо маш хангалтгүй байгааг харуулж байна. Ялангуяа Ч.Аустин гэх довтлогч ажлаа хийж чадахгүй л байна. Иймд Ливерпүүл клубээс зээлээр тоглож буй довтлогч Д.Ингсийг албан ёсоор эгнээндээ нэгтгэж довтолгоондоо хүч нэмээд байна. Саутхэмптон клубын довтлогч нар үндсэн ажлаа сайн хийж чадвал премьер лигт өрсөлдөөн үзүүлэх бүрэн боломжтой.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж