Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, их монгол улс байгуулагдсаны 809 жилийн ой, үндэсний их баяр наадам, ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын Азарга, Их насны морьд өнөөдөр уралдлаа. Уралдаан азарга насаар эхэлж, их насаар өндөрлөсөн юм. Нийт 146 хурдан азарга, 320 их насны морьд уралдаж, Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азарга, Их насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мөст сумын уугуул Монгол Улсын алдарт уяач С.Буяннэмэхийн хээр халзан морь түрүүлж, торгон жолоогоо өргүүлэн наадамчин түмнийг баясгалаа. Энэ жилийн адуун сүргийн манлай азарганы уралдаанд анх 192 хурдан азаргыг уралдуулахаар уяачид бүртгүүлжээ. Гэвч 46 азаргыг наадмын хурдан морины комиссоос эрлийз гэж хасчээ. Өчигдрийн хувьд шүдлэн наснаас 137 хурдан үрээ эрлийз гэж хасагдсан. Нас болгон дээр эрлийз морьдыг буруу тодорхойлж, хасч байна гэж уяачид санал нэгтэйгээр ундууцаж байлаа. Мөн наадмын хөтөлбөрийн дагуу хурдан морьдын уралдаан болоогүй бөгөөд гараанаас хоцорч гарсан. Энэ нь уяачдын гал Хүй долоо худгаас хол байгаатай холбон тайлбарласан юм.
ИХ НАС:
Их насны уралдаанд Ховд аймгийн Мөст сумын Монгол Улсын Алдарт уяач Буднямын Буяннэмэхийн хээр халзан түрүүлж тод магнай торгон жолоогоо өргүүлпээ.
Аман хүзүүнд Завхан аймгийн Яруу сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дашзэвэгийн Дагвадоржийн өсгий цагаан зээрд,
Айргийн гуравт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Ганбаатарын шарга,
Айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Дагвадоржийн Цэрэнжигмэдийн хамар цагаан халтар,
Айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Эрчим хүчний дэд сайд Өлзийхутагийн Пүрэвбаатарын загал морь тус тус хурдалжээ.
Их насанд нийт 321 морь бүртгүүлснээс нэг морь нэмж бүртгүүлсэн бол хоёр морийг хэмжилт хийж хассан юм.
АЗАРГА:
Түрүү. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн өсгий цагаан халтар азаргыг Монгол Улсын Манлай уяач Д.Эрдэнэчулууны уяж, 280 дугаартай Н.Пүрэвбаяр хүү унаж, хурдлуулан, түрүүлж, торгон жолоогоо өргүүлж, унасан хүүхэд, уясан эзэн, наадамчин олныг баясгалаа.
Аманхүзүү. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батболдын хээрийг Г.Отонбаяр хүү унаж, хурдлуулав.
Айргийн гуравт. МУ-ын Тод манлай уяач Д.Ононгийн Батбилэгийн зээрд бунданг Б.Буяндэлгэр хүү хурдлуулав.
Айргийн дөрөвт. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харъяат,аймгийн манлай уяач Т.Болдбаатарын халиуныг С.Буджав хүү унаж, хурдлуулав.
Д.УУДАМ
Зураглаач Н.БАТМӨНХ