Улаанбаатар хотын замыг гурван бүсчлэлд хуваах зохицуулалтыг үе шаттайгаар наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд хотын “А”, “В” бүсэд зөрчилтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд нэвтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэхээр төлөвлөөд буй юм.
Уг зохицуулалтыг хэрэгжүүлж эхлэхтэй холбоотойгоор нийтийн тээврийн хүртээмжийг хэрхэн сайжруулж байгааг тодруулахаар холбогдох байгууллагуудыг зорилоо. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газар болон “Улаанбаатар смарт карт” компанийн зарим мэргэжилтнүүд ажлаа хүлээн аваад удаагүй байгаа, хуралтай гэсэн шалтгаанаар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын мэргэжилтэн Г.Саруулаас удахгүй хэрэгжиж эхлэх зохицуулалтын талаар зарим зүйлийг тодрууллаа.
-Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлэх гэж буй шинэ зохицуулалтаар татвараа төлөөгүй, торгуультай, өнгө үзэмжгүй автомашин замын “А”, “В” бүсчлэлд нэвтрэхгүй. Үүнтэй холбоотойгоор нийтийн тээврийн ачаалал эрс нэмэгдэнэ гэж харж байна. Нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах тал дээр ямар ажил хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ?
-Сүүлийн дөрвөн жилийн байдлаар жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн тохиолдол бүртгэгдсэнээс 2.6 сая нь огт төлөгдөөгүй байна. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63.609 жолооч замын хөдөлгөөнд оролцоод явж байна. Энэ нь зөрчил гаргасан ч гэсэн хариуцлагаа хүлээхгүйгээр хөдөлгөөнд оролцдог, цаашлаад осол зөрчил гарах дасал болж байгааг ойлгох хэрэгтэй.
Хотын замын бүсчлэл хэрэгжсэнээр “А”, “В” бүсэд нэвтэрч чадахгүй автомашинууд гарч ирнэ. Эдгээр иргэдийг хэрхэн “А”, “В” бүсэд хэвийн зорчуулах вэ гэхээр “В” бүсийн гадна томоохон багтаамжийн авто зогсоол байгуулна. Тухайн өдрийн гаригийн хязгаарлалтад орсон жолооч нар тэр зогсоолд машинаа байрлуулж, нийтийн тээврээр үйлчлүүлэн хотын төв рүү нэвтрэх боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврийн үнийн хувьд төлбөргүй буюу хөнгөлөлттэйгээр зорчих гэсэн төлбөрийн хэлбэрээр зохицуулах төлөвлөгөөтэй байна.
-Замын “В” бүсийн гаднах авто зогсоол бүгд төлбөртэй байх уу. Тэр зогсоолд автомашинаа тавьсан иргэд нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчино гэж хэлээд байна уу?
-Авто зогсоол бүгд төлбөртэй байна. Тэр зогсоолд автомашинаа байрлуулсан төлбөрийг нийтийн тээврийн зардалд зарцуулна. Өөрөөр хэлбэл төлбөртэй зогсоолд машинаа тавиад нийтийн тээврээр үнэгүй болон хөнгөлөлттэй зорчих боломжтой гэсэн үг. Авто зогсоолын төлбөрийн хураамж автобусны зардлыг бүрэн хааж хүрэх үү гэдэг эцсийн шийдвэр хараахан гараагүй л байна.
-Авто зогсоолын төлбөрийг тогтоосон уу?
-Зогсоолын төлбөрийн хувьд нэг цагийн 1000 төгрөг байна. Жишээлбэл, нэг машиныг өдөрт найман цаг зогсоолд тавилаа гэхэд 8000 төгрөг төлнө. Тиймээс зөвхөн зогсоол ашиглаж буй хүмүүсийг нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчуулна. Энэ тооцооллыг хийж байгаа учраас нарийн дүн хэлж чадахгүй байна.
-Замын бүсчлэлтэй холбоотойгоор нийтийн тээврийн тоог нэмэх үү?
-Энэ жил 300 орчим нийтийн тээврийн автобусыг шинээр нэмэхээр ажиллаж байна. Мөн Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөн дэх нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг бууруулах, хотын төвөөр дайран өнгөрдөг чиглэлүүдийг богино эргэлттэй болгож өөрчлөх ажлыг зохион байгуулна. Нийтийн тээвэртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас авах хэрэгтэй. Ер нь ирэх 2020, 2021 онуудад нийтийн тээвэрт үйлчилж буй 800 гаруй автобусын ашиглалтын хугацаа дуусч, үйлчилгээнээс хасагдах юм. Эдгээр автобусны оронд эко цахилгаан хөдөлгүүртэй, байгалийн хийгээр ажилладаг шинэ автобус нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа.
-Замын бүсчилсэн зохицуулалтыг яг хэзээнээс хэрэгжүүлэх вэ. Эхний ээлжинд ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Замын бүсчилсэн зохицуулалтыг үе шаттайгаар хэрэгжүүлээд явна. Наймдугаар сарын 15-наас хотын “А”, “В” бүсийн бүх зогсоолыг төлбөртэй болгох ажлыг эхлүүлнэ. Хотын “А”, “В” бүсэд одоогоор байгаа зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нийт 2382 автомашины зогсоолыг 15.696 болгож нэмэгдүүлэх юм. Энэ зогсоолууд дээр хувийн хэвшлийн компаниудыг оруулаад, тухайн компанийн зүгээс зогсоолынхоо ашиглалтыг хариуцаад ажиллана. Одоо хувийн компаниудаас санал авч, төсөл шалгаруулах зарчмаар гэрээ байгуулаад явж байна. Хэдийгээр наймдугаар сарын 15-наас бүх зохицуулалт зэрэг эхлэхгүй. Эхний ээлжинд уг зохицуулалтын хэрэгжилтийг цагдаагийн хяналтаар тавина. Гэхдээ шууд иргэдээ торгохгүйгээр мэдээлэл өгч, тайлбарлаж сануулна.
-Энэ зохицуулалтыг хэрэгжүүлэхээр судалгаа хийж, санал асуулга авсан гэсэн. Хийсэн судалгааны үр дүнгээс танилцуулбал?
Хотын асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоо хамгийн чухал байдаг. Иргэд өөрсдөө тодорхой хэмжээний оролцоотой байснаар үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар Монгол улсад 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 501.934 нь нийслэлд бүртгэлтэй байна. Энэ нь нийт автомашины 57.6 хувийг эзэлж байна. Улаанбаатар хотын иргэдийн 49 хувь нь хувийн автомашинаар, 39 хувь нь нийтийн тээврээр, долоон хувь нь явганаар, 2.7 хувь нь таксигаар, 0.7 хувь нь унадаг дугуй, мопедоор, 0.5 хувь нь ажилчдын автобусаар 1.1 хувь нь бусад хэлбэрээр зорчдог.
Хөдөлгөөнд оролцсон зорилгын хувьд нийт зорчилтын 52 хувь нь ажил, гэртээ очих, 25 хувь нь сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авах, зургаан хувь нь ажлын болон бусад шалтгаанаар, гурван хувь нь чөлөөт цагаа өнгөрүүлэх, таван хувь нь хүн хүргэж өгөх ба бусад шалтгаанаар хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгааны дүн бий.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ