“Цогт тайж” 70 жилийн дараа “Full HD” форматаар дэлгэцнээ

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

“Цогт тайж” 70 жилийн дараа “Full HD” форматаар дэлгэцнээ

Зууны манлай бүтээл "Цогт тайж" МУСК-г Франц улсын "Кино сэргээх төв"-д тоон системд хөрвүүлэн, дуу дүрсний өндөр чанартай болгон шинэчиллээ. Энэ нь Монгол-Франц улсын соёлын харилцааны хүрээнд хийгдэж буй ажлын нэг бөгөөд Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” киноны 70 жил тохиож байгаагаараа онцлог юм.

Долдугаар сарын 9-ний өдөр Францын талаас “Цогт тайж” киноны эх хувь болон тоон хувилбарыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааны үеэр Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ хэлэхдээ: "Нийт 15 бүлэг дүрс, 15 бүлэг дууны хальс нийт 30 бүлэг хальсыг сэргээн засварлах ажил тэр дундаа хальс сэргээхэд нэлээд цаг хугацаа шаардсан учраас 3 жилийн дараа бэлэн боллоо" гэсэн юм. Одоогоос 70  жилийн өмнө тус кинонд ажиллаж байсан ахмад уран бүтээлчид, тэдний гэр бүлийнхэн ёслолын ажиллагаанд урилгаар оролцлоо.

Сонирхуулахад, Монголын "Үндэсний Төв Архив"-т “Цогт тайж” кино нь негатив, контратив, лаванд, дуу дүрсний гэсэн таван төрлөөр хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар болох негатив хальсыг гадагш гаргахыг хориглодог юм байна. Тиймээс хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу "Цогт тайж" киног сэргээн засварлаж, тоон системд хувиргах ажлыг гүйцэтгүүлэхээр киноны хоёр дахь хувилбарыг Франц руу илгээсэн байна. Францын “Кино Урлагийн Үндэсний Төв” нэг ангийн 8, хоёр ангийн 7 бүлэг нийт 15 бүлгийг Full HD, LCD зурагтаар гаргахад шаардлага хангахуйц болгон засварлажээ.

1945 онд "Цогт тайж" киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулсан байна. "Цогт тайж" кино нь Монголын кино урлагийн түүхэнд "Алтан үеийнхэн" хэмээн мөнхөрсөн мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг сорьсон, нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан гайхамшигт бүтээл юм.

Эрхэм уншигч, үзэгч та "Цогт тайж" киног "Full HD" форматаар албан ёсны эрхтэйгээр "Боловсрол суваг" телевизээр долдугаар сарын 13-ны 21:00 цагаас хүлээн авч үзээрэй. Та бүхэн сайхан наадаарай.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж