Авлигатай тэмцэх газар/АТГ/-ынхны задалсан оймсны бичлэг эрх баригчдыг “Онц байдал” зарлахад хүргэв.
Авлига өгч авалцаж байгааг бэхжүүлсэн бичлэг дахиад ч цацна гэж АТГ-ынхан “сүрдүүлсэн”-ийг хэлэх үү, эрх баригчид өөрсдийг нь дахиад матарлах зүйл олонд дэлгэгдэх вий гэхээс яс нь хавталзаж буй бололтой хэрэг хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг шүүрч аван, ажлын хэсэг ч байгуулж амжлаа.
Тодруулбал, наймдугаар сарын 1-нд УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд баримталж буй ялын бодлого, хөөн хэлэлцэх хугацаа зэргийг судлахаар болоод байна.
Засгийн газар ч мөн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор заасныг өөрчилж яллагдагчаар татах хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор тусгаж, төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон юм.
Уг нь эрх баригчдыг 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулах тухай хэлэлцэж байхад УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс эхлээд хуульчид “Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж олгох эрсдэл байна шүү” гэдгийг анхааруулсан. Үг аваагүй. АТГ-ынхан ч хэлэхээрээ нэг болсон бас л үл тоож, байсхийгээд АТГ-ын удирдлагыг өөрчлөх акц өрнүүлж, эцэст нь санасандаа хүрсэн юм.
Баталсан хуулийнх нь үрээр тэрбум төгрөг хахуульд авсан Мэргэжлийн хяналтын экс хурган дарга нар 40 сая төгрөгийн торгууль аваад ялаас мултархад “Би ч санал гаргаж, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулаагүй” зэргээр биеэ өмөөрцгөөн хөдлөөгүй. Зарим нэг нь бүр цагаандаа гарч "УИХ-ын гишүүн гаргасан санал, хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гээд Үндсэн хуульд заасан байгаа шүү" гэхчлэн хуурай агсам тавьсан.
Гэтэл 10 мянган ам.доллар оймсныхоо түрийнээс гаргаж ирэх ганц хурган даргын авлигын бичлэг хууль тогтоогчдыг баталсан хуулиа хөөн эргэж харахаас аргагүйд хүргэсэн нь чухамдаа но-той, ноцтой олон зүйл нь дэлгэгдэх вий гэж эмээснийх болов уу гэж хардахад хүргэж байгаа юм.
Хууль тогтоогчдын хувьд ч айх зүйл бишгүй бий. Дипломатуудын хар тамхины хэрэг, оймсны дуулиан зэрэгт нам дарагдчихаад байгаадаа болохоос биш Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан/ЖДҮХС/-гаас “хумсалсан” тэрбум, тэрбумынх нь зээл “манай голынхны булайг дэлгэвэл далай болно” гэдэг шиг л юм болно. Магадгүй энэ чиглэлийн баримтыг АТГ бэхжүүлчихсэн нь олонд цацах вий гэдэг айдаст автуулж байхыг ч үгүйсгэхгүй. Зарим нэг ноцтой мэдээлэл цацагдаж эхэлсэн нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн өнөөдөр /2019.08.06/цахим хуудсаараа дамжуулан "ЖДҮХС-гаас авсан гурван хувийн хүүтэй зээлээ 30 хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллага, ломбардаар дамжуулан, мөнгө угааж байсан найман тохиолдлыг олж тогтоосон тухай Прокурорын газар хариу ирүүлээ" хэмээн жиргэсэн нь хууль тогтоогчидтой холбоотой бололтой.
Хэдийгээр УИХ алдаагаа засахаар ажлын хэсэг байгуулсан нь нэг талдаа зөв мессеж өгч болох ч нэгэнтээ хийчихсэн үйлдлийг цайруулах боломжгүй. Хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан нь чухамдаа гэмт хэрэгтнүүдэд ял завших боломж л олгосон юм.
Өнөөдөр зөвхөн 10 мянган ам долларын авлигатай холбоотой ганц жишээ л яригдаж байгаа болохоос биш албан тушаалаа ашиглан татвар төлөгчдийн мөнгийг хумсалсан, хувийн хэвшлийнхнийг шимэгчилсэн цагаан захтнууд хариуцлага хүлээгээгүй наранд алхаж явна.
Тэр бүү хэл Хөгжлийн банктай холбоотой улсын хөрөнгө шамшигдуулсан хэрэг, “Эрдэнэт”-ийн 51 хувийг Стандарт банкинд барьцаалан зээл авсан хэрэг, ЖДҮХС-гийн хэргүүд хөөн хэлэлцэх хугацаагаар “цайрах” боломж байгааг хуульчид анхааруулж буйг мартах учиргүй. ЖДҮХС-тай холбоотой хэрэг том хэрэгт тооцогдоно гэдгийг өмнө нь АТГ-ынхан онцолж байсан удаатай. Хууль тогтоогчдоос 40 хүн энэ асуудалд нэр холбогдож, зарим нэг нь мөнгө угаасан байж болзошгүй хэл аманд өртсөн нь яавч өршөөх асуудал биш.
Иймээс УИХ Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хүрээнд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг эргэн харж, алдаа завхралыг засахаар шийдсэн нь үнэн юм бол хүний, өөрийн ялгалгүй хууль зөрчсөн авлига албан тушаалтан бүр шийтгэл хүлээж байхаар хуулиа зас, сайжруул.
Хууль чанга байж төрд үүрлэсэн авлигачдыг зайлуулахаас биш хууль өөрчлөх нэрээр "дайснууд"-аа яллаж, өөрийнхнөө өмгөөлж ял завших боломжийг олгож таарахгүй. ФАТФ ч Монгол Улсыг анхааралтай ажиглаж байна шүү.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ