Авто замын бүсчлэл иргэдийг баян, ядуугаар ялгаж байгаа юу?

Хуучирсан мэдээ: 2019.08.06-нд нийтлэгдсэн

Авто замын бүсчлэл иргэдийг баян, ядуугаар ялгаж байгаа юу?

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулах зорилгоор замуудыг А,В,С гэсэн гурван бүсэд хувааж, төв хэсэг рүү зөрчилгүй жолоочийг нэвтрүүлж байх зохицуулалт хийхээр нийслэлийн холбогдох байгууллагууд судалгаа хийж буй. Ингэхдээ автомашины зогсоолыг нэмэгдүүлж, төлбөртэй болгох, зөрчилгүй жолооч нарт түүнийг нь тэмдэгжүүлсэн наалт олгох зэрэг хэд, хэдэн арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаад буй. Энэ асуудалд иргэдээс дараах гурван асуултын хүрээнд байр суурийг нь сонирхлоо.

-Авто замыг А,В,С бүслэлд хуваахыг дэмжиж байна уу?

-Төлбөртэй зогсоол нэмэх нь зөв үү?

-Хотын түгжрэлийг яаж бууруулбал дээр вэ?

Иргэн О.Бүрэнзаяа: Миний бодлоор ингэж бүсчлэлд хуваах дэмий юм. Иргэдээ ялгаварлан гадуурхаад байгаа юм шиг санагдаж байна. Мөнгөтэй хүмүүс нь хотын төвөөр чөлөөтэй зорчдог, торгуультай, тааруухан тэрэгтэй улсууд нь захаараа явна. Тэгээд дээрээс нь зогсоол нь төлбөртэй. Энэ чинь ядарсан иргэдэд бүр л ачаалал болно шүү дээ. Ер нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүс өөрсөддөө тааруулсан юм л хийгээд байна гэж харж байна. Хэрэв ингэж бүсчилбэл ихэнх машинууд хотын захаар явах болно. Тэгэхээр А бүс хөдөлгөөн бага байлаа гэхэд В, С бүс бас л ачааллаа даахгүй юм болох вий. Зөрчил, торгууль ч нэмэгдэнэ. Үүн дээр ажиллаж, бизнес хийх гэсэн санаа юм уу. Тэгээд хамгийн гол нь энэ бүсчлэлийнхээ зохион байгуулалтыг яаж хийх нь ойлгомжгүй байна. Тэр олон машиныг яаж хянах юм. Зах хавиар замбараагүй хөдөлгөөн үүсч мэднэ. Хотын түгжрэлийг бууруулахын тулд давхар зам барих хэрэгтэй.

Иргэн Д.Бүдбазар:

Би дэмжихгүй байна. Нэртэйгээр нь иргэдээ баян, ядуу, дунд зэрэг гээд ангилал тогтоогоод үнэмлэх өгчихмөөр юм. Түгжрэлийн тухайд явган гарцуудаа маш их гаргаж өгөх хэрэгтэй байна. Үүнээс гадна цахилгаанаар ажилладаг мопед, скүтер, унадаг дугуй зэрэг утаа гаргадаггүй жижиг оврын тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжиж, оруулж ирвэл зүгээр санагддаг. Нэг хүн жийп унаад явж байхын оронд дугуй унаад явж байвал түгжрэл харьцангуй гайгүй болно. Төлбөртэй зогсоолын хувьд хэн нэгэнд давуу эрх олгож, мөнгө угаалт болох вий гэсэн хардлага төрөхөөр байна.

Иргэн Д.Уламбаяр:

Надад үнэндээ мэдээлэл алга. Бүсчлэлийн талаар сонссон болохоос яг яаж зохион байгуулахыг мэдэхгүй байна. Тиймээс зөв, буруу гэж хэлж чадахгүй. Торгуультай бол хотын төв рүү орохгүй гэсэн сураг дуулсан. Хэрэв үнэн бол энэ буруу л шийдвэр гэж бодож байна. Миний хувьд хэдэн төгрөгийн торгуультай гэдгээ ч мэдэхгүй байна. Харин төлбөртэй зогсоолыг тухайн аж ахуй нэгж, байгууллага өөрөө л хариуцах ёстой. Бид үйлчлүүлснээр орлого орж байгаа. Нэмж зогсоолын төлбөр авч болохгүй. Төрийн байгууллагууд бол тэртээ тэргүй ард иргэддээ үйлчлэх ёстой. Түгжрэлийн тухайд дэлхийн бусад орнуудыг харж байхад зам нь их өргөн байдаг. Харин манайд хоёр машин зөрөхөөргүй нарийн замтай. Түгжрэлийг багасгах гол асуудал замаа сайжруулах юм. Ер нь энэ хотын төлөвлөлт анхнаасаа буруу хийгдсэн. 500 мянган хүн амьдрах ёстой гэдэг. Гэтэл одоо 1 сая 500 мянган иргэн амьдарч байна. Иргэдээ ингэж ялгахын оронд зоригтойгоор хотоо нүүлгэвэл яадаг бол.

Иргэн Д.Хадбаатар:

Бүсчлэлд хуваах буруу. Хүмүүс янз янзаар л хүлээж авч байгаа байх. Харж байхад ихэнх нь дургүй байна лээ. Ер нь бүсчлэл хийхээсээ өмнө гэр хорооллын болон туслах замуудаа хучилттай болгож, сайжруулмаар байна. Одоо хотын захаар яваад эхлэнгүүт замын асуудал сөхөгдөнө. Давхилдах машины тоосонд гэр хорооллын айл яаж амьдрах вэ. Тоосжилт улам нэмэгдэнэ. Төлбөртэй зогсоол нэмэхийг ч дэмжихгүй. Татвар төлөөд сайжирч байгаа юм алга. Төлсөн төлбөрөөр юу хийх нь тодорхойгүй. Миний хувьд торгууль, техникийн үзлэг, татвараа бүгдийг нь төлсөн. Хотын төвөөр явахад асуудалгүй. Гэлээ гээд энэ санааг дэмжихгүй байна.

Иргэн Г.Чойсүрэн

Хүний төрөх, үхэх нь үнэн. Амьдрах цаг хугацаандаа бүгд л тэгш эрхтэй баймаар байна шүү дээ. Төр засагт байгаа улсууд амьдралаас арай л тасраад байна. Одоо залуус бүгд л лизингтэй. Хүүхдүүдээ хичээл, сургуульд нь зөөх гэж машин зээлээр авсан улс олон байгаа. Тэгээд хотын зах руу гаргачихвал хүүхдээ яах болж байна. Миний хувьд торгууль бол байгаа. Тэр төлбөртэй зогсоолд жирийн иргэдэд л машинаа тавина. Хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун байж стресстэхгүй бол түгжрэл багасна гэж би боддог. Манай нийгэм их бухимдалтай байна. Бухимдлаа замын хөдөлгөөнд нэгэндээ гаргадаг. Зай байвал дайраад орчих гээд тал талаасаа зүтгэснээс зохиомол түгжрэл үүсгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж