Нэг үеэ бодвол хот доторх нийтийн тээврийн үйчилгээ боломжийн түвшинд хүрчээ хэмээн иргэд ярьдаг. Зорчигчид зөвхөн урд хаалгаар орж, цэнэглэсэн картаа уншуулаад, дунд хаалгаар буух зэрэг зохион байгуулалт сайжирсан. Зогсоол дээр явах чиглэлийн схем байрлуулж, автобус зогсох газраа зарлаж илүү ойлгомжтой болсон. Дотроо хогийн сав байрлуулж, иргэд ч ил хог хаяхгүй соёлтой үйлчлүүлж байна. Гэвч автобусаар зорчсон арваад буудал газарт анзаарч харсан хэдэн зүйл буйг тэмдэглэн хүргэе.
ОРОЙН ЦАГААР АВТОБУС УДААН ХҮЛЭЭДЭГ
- Оройн 18 цаг 10 минут. Багшийн дээдийн буудлаас Дарь-Эхийн хуучин эцэс хүрэхийн тулд “Сэлбэ-Амралт” чиглэлийн автобус хүлээв. Ажил тарсаны дараа хөл хөдөлгөөн ихдэж, автобусны буудал олон хүний хөлд дарагджээ. Бусад чиглэлийн автобусууд ирээд, явсаар…Бараг 30-аад минут хүлээсний дараа явах автобус ирлээ.
- Буудлаасаа зөрөөд зайтай зогсох автобус руу иргэд яаран гүйлдлээ. Удаан хүлээсэн учир Дарь-Эх явах хүмүүс автобусанд битүү чихэлдэв. Энд суух суудал битгий хэл барих бариул үл олдоно. Тоормолзлох бүрийд уначихгүйн тулд урагш, хойш нэгийгээ түлхэнэ. Эд зүйлсээ хулгайд алдчихгүйн тулд цүнхээ бас тас тэврээстэй.
ЗӨВХӨН ЖОЛООЧИЙН ДЭЭР Л СЭНС БАЙНА
- Олон хүний уур амьсгал, битүү шахалдаан дунд амьсгал давчдан, агааргүйтэх аж. Дээврийн агааржуулалт хагас нээсэн боловч жижигхэн зайгаар агаар, салхи орж байгаа нь эргэлзээтэй. Цонхны наагуур хөшигтэй тул дундуур яваа зорчигчдод агаарын солилцоо бүр очихгүй. Жаахан хүүхэд бачимдан уйлна. Энэ дунд жаргаж яваа ганц хүн бол жолооч. Түүний кабин дотор яг дээр нь сэнс үлээнэ. Жолооч ганцаараа сэрүүцсэн шиг сууж байхад, арын зорчигчид хөлсний үнэрт мансууран явлаа.
- Зөвхөн хөлсний ч үнэр биш. Архины эхүүн үнэр хэн нэгнээс ханхалж, огиудас хүргэнэ. Хаягдал лааз цуглуулсан эрийн дагтаршсан хирийн үнэр халуун амьсгалтай нийлэн хамар сэтлэх дөхлөө.
АВТОБУС ДОТОР АМЬДРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
- Нэлээн хэдэн буудал явсны хойно зорчигчид шингэрч эхлэв. Арайхийж амьсгаа авахтайгаа боллоо. Настай эмээ бариулаас зуурчихсан явааг харсан нэгэн зорчигч хажууд нь суусан залуу эмэгтэйд суудал тавьж өгөхийг сануулаад буруудав. Уг эмэгтэй “Залуу гэхээр заавал суудал тавьж өгөх ёстой юу? Би өвчтэй хүн, энэ эмээгээс эрт яваад өгнө” хэмээн өндөр дуугаар хэлээд мэгшин уйллаа. Уйлж байхдаа өмссөн малгайгаа авахад үс нь үгүй болжээ. Зорчигчид бүгд нам гүм. Ямар нэгэн бодолд автжээ. Харин эмэгтэй уйлсаар, нөхөр нь аргадаж нулимсыг нь арчиж харагдав. Автобус дотор хүртэл амьдрал үргэлжлэх ажээ.
- Хурд аваад давхиж явсан автобус гэнэт тоормолзлоход хүмүүс хажуу тийш ханаран унах шахав. Нэгнийхээ хөл дээр гишгэх, цүнх, тохойгоороо цохих бол энүүхэнд. Тэглээ гээд уучлалт гуйх хэрэг байхгүй. Учир нь дандаа ингэж явсаар бүгд нэгийгээ ойлгодог болчихож.
- Арав гаруй буудлын дараа зорьсон газраа ирэв. Автобуснаас буугаад агаар эдэлж, шуналтайгаар хэд сорлоо. Бөгчим газар толгой дүүнгэтэрчээ. Бараг цаг гаруй зогсож явсан тул хөл ч нэлээн бадайрч. Нэг ёсондоо арваад буудал газрыг автобусанд амь тэмцэж өнгөрөөжээ. Гэхдээ өнөөх залуу эмэгтэйн “би энэ амьдралаас эрт яваад өгнө” гээд уйлах дүр төрх санаанаас огт гарсангүй. Улам бачимдаж, цээж давчидлаа…
НИЙТИЙН ТЭЭВЭР ЭРТ ЗОГСЧИХДОГ
Үдшийн 21 цаг 30 минут. Хотын төв рүү буцах боллоо. Автобус хүлээж ахиад 30 минут хэртэй хүлээв. Нэгэнт 22 цаг болсон тул автобус ирэхгүй гэдэг нь тодорхой байв. Ингээд микро автобусанд суухаас өөр аргагүй боллоо. Дарь-Эхийн хуучин эцсээс хороолол хүртэл нэг хүн 3000 төгрөг гэх ажээ. Гэсэн ч суудал дүүрэн хүн зорчино. Яасан үнэтэй юм бэ гэсээр мөнгөө төлнө. Өөр унаа байхгүй юм чинь яах ч билээ. Үүнийг ашиглаж микро автобусууд дуртай үнээ хэлэх юм.
Уг нь дэлхийн бусад улсын нийслэл түм түжигнэж, бум бужигнасан шөнийн амьдралтай байдаг. Үүнийг бодолцож нийтийн тээвэр нь шөнийн цагаар иргэддээ үйлчилдэг. Манайх ингэж шөнжингөө үйлчлэхгүй юмаа гэхэд ядаж шөнийн 12 цаг хүртэл явдаг болмоор. Оройтож ажил тарах, ээлжнээс буух, найз нөхөдтэйгээ уулзах гээд зайлшгүй шөнө оройн цагаар нааш, цааш явах тохиолдол олон. Гэтэл оройн 21 цаг өнгөрөөд автобус зогсож байгаа нь иргэдэд хүндрэлтэй байна. Энэ мэт амь тэмцэж явсан арваад буудлын тэмдэглэл ч бас иргэдэд ойр буусан байх. Нийслэл хотын зөвхөн нэг чиглэл рүү явахад ийм байна. Өдөр бүр хэдэн мянган иргэн Зүүн салаа, Орбит, Нисэх, Улаанхуаран руу ингэж л явдаг. Одоо оюутнууд ирэх үеэр нийтийн тээврээр үйлчлүүлэх бүр илүү хүнд болно. Гар, хөл хаана байгааг ч мэдрэхээ больтол шахалдана. Хамгийн гол нь удаан битгий хүлээлгээсэй, орой үдшийн цагаар тогтмол явдаг болоосой. Автобус тээврийн компаниуд харин үүн дээр анхаараасай билээ.
Холбоотой мэдээ