Дэлхийн хамгийн том хоёр эдийн засагтай гүрнүүдийн хоорондын худалдааны маргаан өдрөөс өдөрт газар авч байна. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд дахин 10 хувийн татвар ногдуулах боломжтой хэмээгээд Хятадын тал худалдааны яриа хэлэлцээнд хэр идэвхтэй оролцохоос шалтгаалан дээрх мэдэгдлийг албан ёсны шийдвэр болгох эсэхээ шийднэ хэмээн сүрдүүлсэн. Харин Хятад улсын зүгээс АНУ-аас ХАА-н бараа бүтээгдэхүүн импортлохгүй байхыг төрийн өмчит компаниуддаа үүрэг болгоод буй. Худалдааны энэхүү маргаан эхлээд даруй жил гаруй хугацаа өнгөрсөн ба энэ хугацаанд хоёр улс харилцан нэг нэгнийхээ бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ногдуулаад байгаа билээ.
Тэгвэл АНУ-ын засаг захиргаа өчигдөр /2019.08.05/ Хятадын эсрэг дараагийн нүүдлээ хийж тус улсыг өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд валютын манипуляц /ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах/ хийж байна гэж албан ёсоор зарлажээ. Ийнхүү зарласны дараагаар ам.долларын эсрэг юанийн ханш огцом унаж, 2008 оны эдийн засгийн хямралаас хойшхи хамгийн доод түвшинд хүрээд байна. Хамгийн сүүлд 1994 онд тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон Хятад улсыг “валютын ханшийг зохиомлоор өсгөгч” хэмээн зарласнаас хойш одоог хүртэл өөр ямар ч улсыг ингэж зарлаж байгаагүй аж. Ийнхүү АНУ Хятад улсыг 25 жилийн дараа дахин “валютын манипуляц хийлээ” хэмээн зарлаж байгаа юм.
Дональд Трамп Сангийн сайд Стивен Мнучинд хандаж “Хятад улсын худалдааны маргаанд хийж буй шударга бус өрсөлдөөний давуу талыг арилгах”-ыг тушааснаар тус улсын Сангийн яам Хятад улсыг ийн “валютын манипулятор” хэмээн зарласан байна.
АНУ-ны Ерөнхийлөгч үүрэгт ажлаа хүлээн авснаасаа хойш л Хятад улсыг олон улсын зах зээлд шударга бусаар өрсөлддөг хэмээн шүүмжилж эхэлсэн бөгөөд тэрбээр Ерөнхийлөгчийн суудалд суусан эхний өдрөө Хятад улсыг “валютын манипулятор” гэж зарлана хэмээн амлаж байв. Ингээд өчигдөр тэрхүү амлалтандаа хүрчээ.
Дэлхийн хэмжээнд манипуляцийг хориглох заалт 2003 онд IOSCO буюу Олон Улсын Санхүүгийн Зах Зээлийн Холбооноос гишүүн орнуудад мөрдөж ажиллах ёстой 30 зарчмыг баталсан байдгийн 28 дахь зарчимд “зах зээлийг хортойгоор ашиглах буюу арилжааны шударга бус арга замуудыг илрүүлж, таслан зогсоох” тухай заасан байдаг.
АНУ-ын мэдэгдэл хөрөнгийн зах зээлд савалгаа үүсгэж эхлээд байгаа ба Уолл Стритийн гол индексүүд л гэхэд 2019 оны хамгийн доод үзүүлэлтийг заагаад байгаа аж. АНУ-ын мэдэгдлийн өмнөхөн Хятадын Төв банкны тэргүүн Яи Ганг юанийг хэзээ ч худалдааны маргааны зэвсэг болгон ашиглаж байгаагүй, ашиглахгүй хэмээн мэдэгдэж байсан юм. Энэ удаагийн АНУ-ын шийдвэр нь Хятадын хувьд маш том цохилт болж байгаа ба цаашид худалдааны яриа хэлэлцээнд улам хойрго хандах вий гэсэн болгоомжлол зарим шинжээчдийн дунд байна.
Холбоотой мэдээ