Хэлмэгдэгсдийн музейг 16 жилийн дараа засварлаж байна | News.MN

Хэлмэгдэгсдийн музейг 16 жилийн дараа засварлаж байна

Хэлмэгдэгсдийн музейг 16 жилийн дараа засварлаж байна

Улаанбаатар хотод хуучны түүхэн дурсгалт тун цөөн барилга үлдээд байгаагийн нэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей. Их хотын тасралтгүй үргэлжлэх дуу чимээн дунд нам гүмхэн орших энэ хоёр давхар модон байшинд БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан гэдгээр нь хүмүүс нэрлэх нь ч бий. Ингээд тус музейг  16 жилийн дараа хэрхэн засварлаж буй талаар сурвалжлахыг зорилоо.

МЭРГЭШСЭН АРХИТЕКТОРЫН ЗӨВЛӨМЖӨӨР ЗАСВАРЛАЖ БАЙНА

Өнгө будаг нь гундаж, өндөр барилга дунд ганцаардсан уг музейн барилгыг Мэргэжлийн хяналтын газраас нурах аюултай гэх дүгнэлт гарган, хоёр жилийн өмнөөс үйл ажиллагааг нь зогсоожээ. Харин саяхнаас Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейн барилгыг тойруулан төмөр шат бэхэлж, үүдэндээ “засвартай” гэх бичиг хадсан нь олны анхааралд өртөж байлаа.

Дэргэдүүр нь өнгөрч явсан хэдэн гадны жуулчид “Энэ ямар учиртай хуучны барилга болохыг лавлаж, засварлах гэж байгаа юм уу” гэж орчуулагчаасаа асууж байхдаа тааралдав.

Энэ түүхэн дурсгалт байшинг 1996 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачилгаар музей болгож, долоон танхимд үзмэр дэлгэжээ. Одоо энэ музейг түүний хүү С.Бэхбат залгамжлан ажиллуулж байгаа аж.

Түүнээс музейн засварын ажлын талаар тодруулахад “Өвөөг маань 1937 онд хэлмэгдүүлж амь насыг нь хөнөөсний дараа энэ байшинд янз бүрийн байгууллага ажиллаж байсан. Энэ үед гадна талаас шавардсан нь модонд маш муугаар нөлөөлсөн. Манай музей хамгийн сүүлд 2003 оны сүүлчээр засвар хийсэн байдаг. Одоо мэргэшсэн архитекторын зөвлөмжийг авч, өөрсдийн мөнгөөр засварыг ажлыг эхлүүлэх гэж байна. Анх 170 гаруй үзмэртэй байсан бол энэ тоо 200 болж нэмэгдсэн. Гэхдээ манай музейн онцлог нь хүнд мэдээлэл хүргэхэд л оршдог. Засварын ажлыг бага багаар хагас жилийн хугацаанд хийнэ” хэмээн хэлсэн юм.

ХЭЛМЭГДЭГСЭДИЙН МУЗЕЙГ 1980-ААД ОНД НУРААХ ГЭЖ БАЙЖЭЭ

Хүрэн өнгөтэй, хоёр давхар модон барилга хотын төв хэсэгт өөрийн үүх түүхийг өгүүлэх мэт. Түүхэн дурсгалт энэ барилгыг анх 1930 онд БНМАУ-ын төрийн нэрт зүтгэлтэн, Ерөнхий сайд П.Гэндэнд зориулан Германы инженер Герингийн зураг төслөөр Германы “Востванк” тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьсан түүхтэй.

Тэртээ 1930-аад оны үед орд харшид тооцогдож байсан энэ хоёр давхар байшин нь орчин цагийн өндөр барилга дунд содон бас өвөрмөц харагдана. Энэ байшин нь дөрвөн талдаа хаалгатай, цахилгаан, телефон утастай байжээ. Доод давхарт нь Ерөнхий сайдынх суудаг байсан бөгөөд зочдын өрөө, сайдын ажлын тасалгаа, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, тоглоомын өрөөтэй. Харин дээд давхарт нь сайдын эхнэрийн дүү нар, гэрийн үйлчлэгч, тогооч болон сайдын орчуулагч К.Ильин орос эхнэрийн хамт амьдардаг байсан гэдэг.

Тус байшинд цэцэрлэг, Засгийн газрын ажилчдын сууц, Байгаль хамгаалах газар зэрэг олон байгууллага, иргэд байрлаж байсан бөгөөд 1980-аад оны үед нураагдахад хүрч байсныг судлаачид хэлсэн юм. Хоёр давхар байшин нь усаа гаднаас зөөдөг, жорлон нь гадаа хашаанд тусдаа байжээ.

МУЗЕЙГЭЭР ЖИЛДЭЭ 1000 ГАРУЙ ХҮН ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БАЙВ

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейгээр жилд 1000 гаруй хүн сонирхон зочилдог гэнэ. Музейн зочдын ихэнхийг хүүхэд, залуус эзэлдэг. Музейн нэг давхарт хэлмэгдэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхим байх бөгөөд нийт хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймаг, аймгаар нь байрлуулжээ.

Хойморт нь хэлмэгдэгсдэд зориулан хүндэтгэлийн зул асааж, хоёр талд нь төрийн туг, баруун талд нь зураач Я.Үржнээгийн зурсан “Хэлмэгдлийн нэг өдөр” хэмээх зураг байрлуулсан байжээ. Мөн БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажлын өрөөг тэр чигээр нь үзмэр болгосон нь олны анхаарлыг татдаг.

Энэ нь хэлмэгсдэд зориулсан дэлхийн хоёр дахь музей бөгөөд музейн үзмэр нь хилс зохиомол хэргийг хэрхэн зохион байгуулж байсан, нууц хуйвалдааны үнэн байдлыг баримтаар нотлон үзүүлэхэд чиглэсэн баримт бичиг, гэрэл зураг бусад холбогдох эд зүйлсээс бүрдсэн үзмэр бүхий сан хөмрөгтэй.

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-08-06 202.126.89.140

B

Avatar

zochin 2019-08-06 103.57.93.78

Сул зай талбай дээр нь орон сууц л битгий барьчихаасай даа.

Avatar

ЧД иргэн 2019-08-06 202.179.27.212

Нэг хэсэг хугацаанд энэ байшинд Шатрын холбоо байрлаж байсан байх. Гэндэн хэлмэгдсэн хэдийч өөрөө ч бас энхийн цагаан тагтаа байгаагүй шүү дээ. Мань хүн өөрөө өчнөөн олон хүнийг хэлмэгдүүлсэн гэдэг.

Avatar

Зочин 2019-08-06 124.158.109.140

Сталинтай ярилцсан яриа нь сонин…

Avatar

РАВДАН 2019-08-06 66.181.161.11

ЭНЭ БАЙШИНГ 80-ААД ОНЫ ЭХЭЭР АРХИТЕКТОР ДИЗАЙНЫГ НЬ ӨӨРЧЛӨЛГҮЙГЭЭР СЭРГЭЭН БОСГОЖ БАЙСАН ЮМ ШҮҮ. ГАДААД ПАСПОРТЫН ХЭЛТЭС БАЙРЛАЖ БАЙСАН ШИГ САНАЖЭЭН! ӨНГӨРСНӨӨ БҮҮ МУУЛЦНАА ЗАЛУУС АА!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж