Дэлгэр Монголын наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2015.07.11-нд нийтлэгдсэн

Дэлгэр Монголын наадам эхэллээ

Дэлхийд ганцхан Монгол наадам ёслол төгөлдөр эхэллээ. Тулгар төр байгуулагдсаны 2224 жил, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын зүлэг ногоон дэвжээнээ цэрэг эрсийн уухайн түрлэгтэйгээр есөн хөлт цагаан тугаа залж, хүндэтгэл үзүүлснээр наадам эхэлсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч ёслолын үйл ажиллагааг нээж, монгол түмэндээ хандан хэлсэн үгэндээ,

-Төрт ёсны уламжлал, их түүх соёлын гайхамшиг, ард олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань ивээлт наран зуны эрхэм төгс цаг дор бахархлыг бадрааж, золбоо хийморийг өргөн эхэлж байна. Монголын үндэсний их баяр наадам бол эртний түүхтэй монгол төр гурван цагийн хэлхээнд мөнх оршиж, мандан бадрах хувьтайг даянд дуурсгаж буй их ёслол юм. Монгол наадам бол тэнгэр хичнээн агуу, газар хичнээн уудам юм бээ гэдгийг хүмүүн төрөлхтөнд ухааруулж, дэглэм журам, энх амгалангаар дэлхийг засагласан монгол хүмүүний эрдэм билгүүн, хүлэг морьдынх нь эр шандсыг гайхуулсан үндэсний соёл, уламжлалын чуулган юм” гээд “Миний монгол мөнх оршиг ээ” гэж онцолсон юм.

Тэрээр ийнхүү монгол түмэндээ хандаж үг хэлсний дараагаар Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлсэн. Мөн шинэхэн гавъяатууд болох МУГЖ Э.Амартүвшин, МУГЖ Г.Ариунбаатар нар Төрийн дууллыг дуулж эгшиглүүлж, “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлээ толилууллаа.

Нээлтийн ёслолын ажиллагаанд 3000 хүн оролцжээ

Сүүлийн жилүүдийн үндэсний их баяр наадмын нээлт хаалтын ёслолыг төрийн соёрхолт, гавъяат жүжигчин Д.Сосорбарам найруулан наадамчин олныг баясгасан. Харин энэ жилийн тухайд наадмын урлагийн тоглолт, ёслолын ажиллагааг “Номадс” компанийн ерөнхий захирал, Наадмын соёл урлагийн салбар хорооны ерөнхий продюссер М.Есөнмөнх продюссерлож, найруулагчаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын найруулагч Н.Болд нар ажилласан юм. “Наадмын нээлтийн ажиллагааг бид өнгөрсөн зургаадугаар сарын сүүлээс бэлдэж эхэлсэн. Бэлтгэл хийх хугацаа ч хангалттай байлаа. Уран бүтээлчид маань авъяасаа гайхуулан ямар нэгэн алдаа гаргалгүй нээлтийн ажиллагаа наадамчин олныг баясгаж чадсан гэж үзэж байна. Нээлтийн ажиллагааны үеэр Их эзэн Чингис хааныг залж, баатар эрс уухайлан, сүр хүчит байдлыг илэрхийлэх санаа маань ард иргэдэд багагүй таалагдсан болов уу. Энэ жилийн ёслолын нээлтийн ажиллагаанд нийтдээ 3000 хүн санаа, зорилго нэгтэйгээр хүчин зүтгэлээ” гэж Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найруулагч Ч.Ганхуяг ярьж байлаа.

Төв цэнгэлдэх хүрээлэнд наадамлаж байгаа хүмүүсийн багагүй хувийг гадаадын улс орнуудаас ирсэн жуулчид тухалсан харагдлаа. Наадамчин олонд нээлтийн урлагийн арга хэмжээ машид таалагдсан гэдгийг онцолж монгол даяараа сайхан наадаарай гэж мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Нэгийн даваа эхэллээ

Энэ жилийн наадамд хэний хүүгийн аз шовойж, бяр нь чангарч, хэний шандас аргамаг байгаа тухай түмэн яриа, буман таамаглал өрнөж байгаа болов уу. Энэ жилийн наадамд Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяраар магнайлуулсан хүчит 512 бөх уран мэхээ үзэж барилдахаар зүлэг ногоон дэвжэээнээ барилдаж байна. Энэ жилийн баяр наадамд улсын цолтон 86, аймаг цэргийн цолтон 205, сумын цолтой болон цолгүй залуу бөх 221 барилдана.

Улсын алдар цолтой бөхчүүдээс дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр нарын дөрвөн аварга, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Ганбат, Н.Батсуурь, Д.Азжаргал, П.Бүрэнтөгс, Д.Мөнх-Эрдэнэ нарын 7 улсын арслан, Б.Гантогтох, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Н.Ганбаатар, И.Доржсамбуу, Б.Гончигдамба, Ш.Жаргалсайхан нарын долоон улсын гарьд, Ч.Санжаадамба, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Б.Сайнбаяр, Д.Бумбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Т.Санчир, нарын 11 улсын заан, Л.Пүрэвжав, Г.Элбэг, Г.Ганхуяг, Ө.Бат-Орших, Т.Мөнгөнцоож, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын 20 улсын харцага, Э.Энхбат, И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ш.Уламбаяр, Ц.Цогтжаргал, Ж.Отгонбаяр, Б.Чинзориг, Р.Пүрэвдагва нарын 37 улсын начин зүлэг ногоон дэвжээндээ зодоглож буй юм.

Д.ЖАРГАЛ

 

 

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж