Д.Цогтбаатар АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтын сайд нарын хуралдаанд оролцов

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар АСЕАН-ы бүсийн чуулга уулзалтын сайд нарын хуралдаанд оролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотноо болсон АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт (АРФ)-ын Сайд нарын 26 дугаар хуралдаанд оролцлоо.

Хуралдааны үеэр тэрээр бүс нутгийн болон олон улсын аюулгүй байдлын тулгамдсан зарим асуудлаар Монгол Улсын баримталж буй байр суурь, авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулахын зэрэгцээ тус чуулга уулзалтын ирээдүйн чиг хандлагын талаар байр сууриа илэрхийлж үг хэлэв. Тус чуулга уулзалт нь өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд Ази-Номхон далайн бүс нутагт аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд эдүгээ бүс нутгийн улс төр, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцдэг томоохон механизм болсныг онцлон тэмдэглэж, тус чуулга уулзалтын хүрээнд Зүүн хойд Азийн Гадаад хэргийн сайд нарын албан бус уулзалтыг зохион байгуулахыг санал болгов. Мөн дэлхий нийтийн өмнө тулгарч буй уламжлалт бус аюул занал, сорилтыг даван туулахад залуучуудын оролцоо чухал болохыг дурдаж, залуучуудын оролцоог идэвхжүүлэх үүднээс манай улсаас дэвшүүлсэн санаачилгуудыг танилцуулав.

Чуулга уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И, Япон Улсын Гадаад хэргийн сайд Таро Коно, БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Субраманяам Жайшанкар, Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Винстон Питерс, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нартай тус тус уулзаж, хоёр орны болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлуудаар санал солилцов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж