Энэтхэгийн Засгийн газар Жамму ба Кашмир мужийн онцгой статусыг цуцлах талаар хэлэлцэж байгаа тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдэгджээ. Үндсэн хуулийн 370 дугаар зүйлд зааснаар Энэтхэгийн Жамму ба Кашмир мужууд нь онцгой автономитой бөгөөд энэ мужид төв засгийн газрын баталсан бүх хууль орон нутгийн ассамблейн дэмжлэгийг авсан байх ёстой аж. Гэхдээ батлан хамгаалах, гадаад харилцааны тухай хууль эрх тэгш үйлчилдэг.
Мөн Энэтхэгийн бусад бүс нутгийн оршин суугчид Кашмир мужид газар авах эрхгүй юм байна. Харин дээрх өөрчлөлтийг баталчихвал Жамму ба Кашмир нь мужийн статусаа алдах бөгөөд мужаас арай бага статус буюу холбооны нутаг дэвсгэр болох юм.
Энэхүү хуулийн заалтыг цуцлах нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн сонгуулийн гол амлалтуудын нэг байсан ба ялалт байгуулахад нь ч мөн багагүй нөлөө үзүүлсэн гэж ажиглагчид дүгнэж байна. Тус мужууд нь өөр өөрийн хууль, туг далбаатай бөгөөд нийт 12 сая орчим хүн оршин суудаг аж.
Эх сурвалж: BBC