Улс орны эдийн засаг ӨНӨӨДӨР, МАРГААШ ямар дүр зурагтай байх нь санхүүгийн салбараас хамаарна. Товчоор хэлбэл санхүүгийн салбарыг эдийн засгийн амин сүнс гэдэг билээ. Тэгвэл манай улсад банкны бус санхүүгийн салбар хийгээд салбарыг зохицуулагч байгууллага үүссэний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн ойд Санхүүгийн зохицуулах хороо өндөр ач холбогдол өгч, ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон Санхүүгийн зохицуулах хорооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга В.Энхбаатартай ярилцав.
-Санхүүгийн системийг эдийн засгийн салбарын гол тулгуур, жишиж хэлбэл “цусны эргэлт” нь гэж хэлж болно шүү дээ. Тэгвэл манай улсад банкны бус санхүүгийн салбар, зохицуулагч байгууллага үүссэний 25 жилийн ой энэ жил тохиож байна. Салбарыг зохицуулагч чухал байгууллага болох Санхүүгийн зохицуулах хорооны төдийгөөс өнөөдрийг хүртэлх үүх түүхээс та өгүүлээч?
-Та сая Санхүүгийн зохицуулах хороог санхүүгийн зах зээлийг зохицуулдаг чухал байгууллага гэж хэллээ. Аргагүй чухал л даа. Монгол Улсын санхүүгийн зах зээлийг бүхэлд нь харвал арилжааны банк болоод банкнаас бусад даатгал, хөрөнгийн зах зээл, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоо гэсэн байгууллагуудаас бүрдэж байна. Банкны салбарыг зохицуулах үүргийг Монголбанк хүлээдэг бол сая дурдсан банкны бус секторууд манай Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтаар үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл банкны бус санхүүгийн салбарын хяналт, шалгалт, зохицуулалтыг хийж, зах зээл дээр шударга, тэгш өрсөлдөөнт байдлыг хангах үүрэг чиглэл бүхий байгууллагыг 1994 онд УИХ-аас тогтоол гарган байгуулж байсан түүхтэй. Тухайн үед зөвхөн үнэт цаасны зах зээлд зохицуулалт хийх үүрэгтэй Үнэт цаасны хороог байгуулж, улмаар энэ чиг үүргийн дагуу 2006 он хүртэл үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ хугацаанд санхүүгийн систем хөгжлийн үе шатуудыг туулж, өргөн хүрээнд зохицуулалт шаардах болсон байна л даа. Тиймээс нөхцөл байдлыг бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид авч үзсэний үндсэн дээр банкны салбарыг хянах, шалгах зохицуулалтыг Монголбанканд хамааруулан үлдээе. Харин арилжааны банкнаас бусад санхүүгийн салбарыг, зах зээлүүдийг нэгтгэн хамаарч, зохицуулалт хийдэг төрийн байгууллага байх нь зүйтэй юм байна гэж үзсэн байдаг. Улмаар даатгал, үнэт цаас, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод гэсэн зах зээлүүдийг нэгтгэн банкнаас бусад санхүүгийн салбар гэж нэрийдээд зохицуулагч байгууллагаар нь Санхүүгийн зохицуулах хороог байгуулсан. Ингэхдээ 1994 онд байгуулагдсан Үнэт цаасны хороонд тулгуурлан байгуулсан юм. Шинэ хийгээд өргөн хүрээний зохицуулах үүрэг хүлээх Санхүүгийн зохицуулах хороог байгуулахын тулд тухайн байгууллагад зориулсан бие даасан хуулийн төслийг нь боловсруулж, 2006 онд Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Хуульдаа үндэслээд одоогийн Санхүүгийн зохицуулах хороо гэдэг нэрээрээ байгуулагдаж, өнөөдрийг хүртэл 13 жил үйл ажиллагаа явуулж байна.
-25 жил гэдэг бага хугацаа биш л дээ. Энэ хугацаанд санхүүгийн зах зээлийн эрүүл, зөв бүтцийг нутагшуулахын тулд танай зохицуулагч байгууллага ажиллаж ирсэн. Ойн хүрээнд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
-Санхүүгийн зохицуулах хороо энэ жил тохиож буй 25 жилийн ойд ач холбогдол өгч байгаа гэдгээ тодотгох нь зөв байх. Түүнчлэн санхүүгийн зах зээл дээр ийм зохицуулагч байгууллага байснаараа салбарын хөгжилд ямар ач холбогдолтой юм бэ. Ямар үүрэг хүлээдэг байгууллага юм бэ гэдгийг иргэд олон нийтэд илүү таниулах, мэдүүлэх ёстой гэж харж байна. Ойн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсөн. Үйл ажиллагаанууд эхнээсээ хийгдээд явж байгаа.
-Чухам ямар үүрэг хүлээдэг байгууллага вэ гэдгийг товч тодотгосныхоо дараа ойн хүрээнд хийх ажлуудыг танилцуулбал ямар вэ?
-Санхүүгийн зохицуулах хороо бол зах зээлийн шударга өрсөлдөөнт, тэгш боломжит байдлыг хангахад зохицуулалт хийх үүрэгтэй байгууллага. Жишээ нь, та өөрийн эзэмшиж буй хувьцаагаа биржээр дамжуулаад зарахад таны хувьцааны арилжаа биржээс тогтоосон журмын дагуу чөлөөт өрсөлдөөний үндсэн дээр хийгдэх ёстой. Тухайлбал цаг хугацааны хувьд хамгийн түрүүнд хамгийн өндөр худалдан авах санал өгсөн худалдан авагчид хувьцааг өгөх ёстой гэх мэт олон нөхцөлүүдийг хангуулж ажилладаг, мөн зах зээлийг урвуулан ашигласан тохиолдолд таслан зогсоох арга хэмжээ авч байх үүрэгтэй байгууллага. Зөвхөн хөрөнгийн зах зээл биш даатгал, Банк бус санхүүгийн байгууллага, Хадгаламж зээлийн хоршоод гэсэн хамаарах зах зээлүүд дээр ийм үүрэг хүлээн ажилладаг юм. 25 жилийн хүрээнд хийж, хэрэгжүүлэх ажлууд олон бийг түрүүн хэлсэн. Манай байгууллага 25 жилийн ойдоо ач холбогдол өгч, ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсэг байгуулж, намайг ахлагчаар нь томилсон. Үүх түүхийг он, сар огноотой нь эргээд харахад Үнэт цаасны хороо 1994 оны арваннэгдүгээр сард УИХ-ын тогтоолоор байгуулагдаж үүдээ нээж байж. Тиймээс бид ойгоо угтан арваннэгдүгээр сар хүртэл цуврал үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Сар болгонд банкны бус санхүүгийн салбаруудынхаа нэрэмжит арга хэмжээг зохион байгуулахаар хуваарилчихсан. Зургаадугаар сар гэхэд Хадгаламж зээлийн хоршооны сар байлаа. Хадгаламж зээлийн хоршооны үүсэл хөгжил хийгээд тулгарч байсан асуудлууд юу байв. Хойшид хөгжих чиглэл нь ямар байх вэ гэдэгт анхаарсан, ач холбогдлыг нь тодотгосон мэдээллийг олон нийтэд хүргэлээ. Ахмад ажилтнуудынхаа, санхүүчдийнхээ дурсамж, дурдатгалыг, түүхийг сонсож байна. Ер нь бол долоо, наймдугаар саруудад салбарынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж ажиллана. Есдүгээр сард Банк бус санхүүгийн байгууллага, аравдугаар сард үнэт цаасны зах зээлийн талаар голчлон мэдээлэл өгнө. Арваннэгдүгээр сард ойгоо угтан хэрэгжүүлсэн ажлуудаа дүгнээд, хаалтын ажиллагаагаа хийх юм.
-Сар болгонд салбар тус бүрийнхээ мэдээллийг тодотгож, олон нийтэд хүргэнэ гэхээр хүртээмж нь сайн байх болов уу гэж харж байна. Ганц хоёр удаа яриад өнгөрөх бус илүү дэлгэрэнгүй, нээлттэй байдлаар мэдээлэх нь банкнаас бусад салбарын талаарх ойлголт, хандлагыг тэлэхийн хэрээр иргэдийн санхүүгийн боловсролд ч өгөөжтэй байх болов уу?
-Олон ажил төлөвлөгдөөд байгаагаас дурдахад банкнаас бусад санхүүгийн салбарын үүсэл хөгжилтэй холбоотой фото зургийн галерей үзэсгэлэн байгуулахаар төлөвлөж байна. Манай улсад санхүүгийн зах зээлийн эхлэл тавигдаж, өмч хувьчлал эхэлж, Үнэт цаасны хороо байгуулагдаж байсан тэр үеэс өнөөдрийг хүртэлх үүх түүхийн гэрч болсон үзмэр болох эд зүйлийг цуглуулж байна. Үзмэр гэхээр их баялаг л даа. Анх гарч байсан цэнхэр, ягаан тасалбар, хүмүүсийн гаргаж байсан тушаал, шийдвэрүүд байна. Түүх гэдэг бол өсөлт, уналт бүгдээс л бүтдэг шүү дээ. 2000 оны эхээр Хадгаламж зээлийн хоршоод унаж байлаа. Тэр үеийн зураг хөрөг, хүмүүсийн бичиж байсан өргөдөл, захидал гэхчлэн салбарынхаа бүхий л зүйлсийг харуулсан галерейг олон нийтэд толилуулах юм. Санхүүгийн салбарыг зохицуулдаг байгууллагын музей гээд хэлчихээр арай томдох болов уу, яах бол. Ямар ч байсан эхлээд галерей гаргахаар ажиллаж байна. Санхүүгийн зохицуулагч байгууллагын үе үеийн ажилтнуудаа урьж, оролцуулсан арга хэмжээ хийнэ.
Энэ байгууллагыг удирдаж байсан үе үеийн ахмад дарга нарынхаа түүх өгүүлсэн, сургамж, захиас хэлсэн ярилцлагуудыг гаргана. Ер нь санхүүгийн зохицуулагч байгууллагын хүрээнд гаргаж байсан ном товхимол, гарын авлагууд бүгдийг нь цуглуулж байгаа. Түүгээр бас үзэсгэлэн гаргана.
Мөн Улаанбаатар хотод Санхүүгийн гудамж байгуулах санаачилга гарсан, үүнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийслэлийн аль нэг хэсэгт санхүүгийн гудамж байгуулахаар албан ёсоор тогтчихвол, гудамжныхаа хоёр талаар мод, ургамал тарих төлөвлөгөөтэй байгаа. Дэлхий нийтээрээ ногоон бодлого руу хандаж буй энэ үед бид ч бас нийгмээ уриалан дуудсан үйл ажиллагааг хийхийг чухалчилж байна. Ийм олон цуврал ажлууд ирэх саруудад үргэлжилсээр арваннэгдүгээр сард хаалтаа хийх юм.
-1994 оноос өдийг хүртэлх он жилүүдэд төрийн энэ зохицуулагч байгууллагад ажиллаж, санхүүгийн салбарт хувь нэмрээ оруулсан хүмүүсийн тоо хэд орчим байгаа бол?
– Яг одоогийн байдлаар бүртгэлтэй 150 хүн байгаа шүү дээ. Тэгэхээр 1994 оноос хойш гээд үзэхээр маш олон хүн ажилласан байгаа. Ер нь мянга давах байх.
-Санхүүгийн зохицуулах хороо 2006 оноос банкнаас бусад салбарыг зохицуулах чиг үүрэгтэйгээр, бие даасан хуультайгаар ажиллаад эхэлжээ. Энэ үеийг санхүүгийн салбарын зохицуулагч байгууллагын хувьд сонгодог утгаараа ажиллах суурь нөхцөл бүрдсэн он цаг гэж харж болох уу?
-Манай санхүүгийн салбараа зохицуулж буй загварыг сонгодог гэж хэлэх боломжгүй. Бусад улс орнууд санхүүгийн салбараа хэрхэн зохицуулдаг болохыг энд дурдах хэрэгтэй байх л даа. Зарим улс оронд Төв банк нь санхүүгийнхээ салбарыг бүхэлд нь хянаж, зохицуулдаг хэлбэр байхад заримд нь зөвхөн арилжааны банкнуудаа тусгайлан хариуцдаг. Зарим том зах зээлтэй газар бол арилжааны банк нь ч тусдаа, үнэт цаасны зах зээл нь ч тусдаа, даатгал нь ч тусдаа зохицуулалтын байгууллагуудад хамаарч байдаг хэлбэр байна. Санхүүгийн салбараа нийтэд нь хянаж, зохицуулдаг эсвэл манайх шиг ингээд хоёр хуваачихсан бүтэц ч байна.
-Тэгвэл манай энэ бүтэц бидний зах зээлийн нөхцөл байдалд, онцлогт хэр нийцсэн зохицуулалт вэ?
-Ер нь бол зөв эсвэл тохиромжгүй гэсэн санал дүгнэлт яг л адилхан гардаг. Зарим эдийн засагчид, судлаачид бүх зах зээл Төв банкны зохицуулалтад байх нь зөв гэдэг бол одоогийн энэ зохицуулалтын хэлбэрийг зөв гэж хэлэх судлаачид ч байдаг. Зарим нь бүр Төв банк мөнгөний бодлогоо хариуцаад, арилжааны банкныхаа хяналтыг Санхүүгийн зохицуулах хороо хариуцах нь зөв ч гэх нь бий. Тухайн эдийн засагч, судлаач аль өнцгөөс харж буйгаараа л тайлбарлана. Энэ бүтэц зөв гэж хэлэхэд харьцангуй.
-Төгсгөлд нь, нэг зүйлийг тодотгож асуумаар байна. Та ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн ахлагчийн хувиар өнгөрсөн 25 жилд банкнаас бусад санхүүгийн зах зээлд хөдөлмөрлөж, хувь нэмрээ оруулж ирсэн бүхий л байгууллага, хүмүүст хандаж үг хэлээч?
– Энэ салбарыг амьд байлгаж, санхүүгийн үйл ажиллагааг ард түмэндээ хүргэж буй салбарынхаа гол оролцогч, тоглогч, хөгжлийг нь чирч яваа хувийн хэвшлийнхнээ 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүддээ оролцуулна. Манай байгууллага бол энэ зах зээлд шударга өрсөлдөөнт, тэгш боломжит байдлыг л төрийн зүгээс хангаж байгаа байгууллага. Хувийн хэвшлийнхэн бол ард иргэдэд үйлчилгээ хүргэж, аль аль тал нь өгөөж бий болгон ажиллаж буй шүү дээ. Тэгэхээр энэ ой бол тэдний баяр юм аа. Бид захиргааны аргаар удирддаг эдийн засгийн системээс чөлөөт зах зээл рүү шилжиж, өнөөдрийг хүрэхэд хөгжлийг хөдөлмөрөөрөө урагшлуулж яваа хүмүүс шүү дээ. Төгсгөлд нь, санхүүгийн салбарын чухал эд эс болсон санхүүгийн байгууллагууддаа банкны бус санхүүгийн салбар үүсэж хөгжсөний 25 жилийн ойн мэндчилгээг хүргэж байна.
-Ярилцсанд баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Холбоотой мэдээ