Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өчигдөр /2019.08.04/ 14.52 цагаас 16.43 цагийн хооронд 55 минутын турш тасралтгүй орсон усархаг аадар борооны улмаас тус сумын гуравдугаар баг МСҮТ-ийн баруун хойд талын үерийн далан дээгүүрх гүүр, мөн наймдугаар баг Буйрын голын хойд талын үерийн далан тус тус иргэд, айл өрхүүдийн хаясан ахуйн болон барилгын хог хаягдал, мал амьтны сэг зэмээр дүүрэн бөглөрч, ус далангаа хальж урссан айл өрх, замын хийц бүтээцэд багагүй хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал үүсчээ.
Наймдугаар сард түр зуурын усархаг бороо хэд хэдэн удаа орох төлөвтэй байгаа тул сумын ЗДТГ, баг, хэсгийн дарга нар, иргэд айл өрхүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Үерийн далангаар борооны ус урсах ёстойг ухамсарлан хог хаягдлаа хаяхгүй байх
- Сумын ЗДТГ, баг хэсгийн дарга нар Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан эрх, үүргээ биелүүлэн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн одоо хуримтлагдсан лаг шавар хог хаягдлыг богино хугацаанд цэвэрлэх ажлыг зохион байгуулах
- Үерийн далан, суваг шуудуунд хог хаягдлаа хаяж байгаа иргэдийн мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэн арга хэмжээ тооцох
- Иргэн, айл өрхүүд үерийн уснаас гэр орон сууцаа хамгаалах нь та бүгдийн үүрэг, хариуцлага гэдгийг ухамсарлан өөрсдийн аюулгүй байдлаа ханган эд хөрөнгө, амь насаа хамгаална уу
Эх сурвалж: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР