Хонконгийн Засаг захиргааны тэргүүн Кэрри Лам тус улсад "Нэг улс – хоёр систем" зарчим, үндэсний тусгаар тогтнолд заналхийлж болохуйц аюултай нөхцөл байдал үүсээд байгааг хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр энэ тухай Даваа гаригт сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн байна.
Кэрри Лам “Хонконг дэлхийн хамгийн аюулгүй хот байсан. Гэвч радикал үзэлтнүүдийн хийж буй үйлдлүүд нь аюултай нөхцөл байдалд оруулаад байна” гэж хэлжээ. Мөн тэрбээр эсэргүүцлийн жагсаалын үеэр зарим оролцогчид хууль сахиулагчид руу тоосго, Молотовын коктейл шидэж, цагдаагийн газруудыг бүсэлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсныг тэмдэглэсэн байна.
Тэрбээр “Зарим хүмүүс төрийн далбаагаа далай руу шидэж, зарим нь хувьсгал хийхийг уриаллаа. Эдгээр үйлдэл нь "Нэг улс-хоёр систем” зарчим болон Хонконгийн хөгжил цэцэглэлт, эдийн засагт заналхийлж байна” хэмээн хэлжээ.
Керри Лам хамтрагчдынхаа хамт засаг захиргааны онцгой бүсийн 7.5 сая оршин суугчийн өмнө хариуцлага хүлээснээ онцлоод, огцрохоос татгалзаж буйгаа илэрхийлсэн байна. Улмаар хүн бүрт санал зөрөлдөөнийг арилгаж, нийгмийг эмх цэгцэнд нь оруулахыг уриалжээ.
Хэдэн долоо хоногийн өмнө, Хонконгийн эрх баригчдын санаачилсан, БНХАУ-ын хууль, тогтоомжийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан хүмүүсийг тус улсад шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцлийн жагсаал эхэлсэн билээ.
Олон нийтийн шахалтаар Карри Лэм уг хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах шийдвэр гаргаснаа зарласан ч Засгийн газрын эсрэг жагсагчдыг зогсоож дийлсэнгүй.
Сөрөг хүчнийхэн даваа гаригт тус хотод ажил хаяхыг уриалсан байна. Засгийн газрын эсрэг олон мянган жагсагч өглөөнөөс эхлэн замын хөдөлгөөнд саад учруулж, хэд хэдэн замыг хааж, метро, нисэх онгоцны буудлын үйл ажиллагаанд хүндрэл учруулжээ. Зуу гаруй нислэг цуцлагдсанаас гадна Хонконгийн “Hang Seng” индекс 3%-иар буураад буй юм байна.
Эх сурвалж: TASS
Холбоотой мэдээ