Ханхүү Чарльзыг Жеймс Бондын 25 дахь ангид тоглохыг урьсан тухай мэдээллийг “The Sun” сэтгүүл өнгөрсөн Ням гаригт ил болгожээ. Их Британийн хаан ширээг залгамжлагч ханхүү Чарльзыг хэдэн долоо хоногийн өмнө зураг авалтын талбайд зочилж, 007 Дэниел Крэйгтэй уулзах үеэр түүнд тус киноны туслах дүрд тоглохыг санал болгосон байна.
Энэхүү киног бүтээхэд багагүй хүндрэл тулгарч буй юм байна. Кино бүтээгчдийн мэдээлснээр, тавдугаар сард зураг авалтын үеэр гол дүрийн жүжигчин Дэниэл Крейг бэртэж, 2018 оны наймдугаар сард найруулагч Дэнни Бойл төслийг орхин явжээ.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж "Хэрвээ ханхүү Чарльз кинонд тоглохоос татгалзвал киноны найруулагчид хунтайж Харри, Уильям нарт хандах байх" гэж хэлсэн байна. Энэ талаар албан ёсны ямар нэгэн мэдээлэл гараагүй байгаа аж. Хэрэв ханхүү кинонд тоглохыг зөвшөөрвөл Хатан хааны гэр бүлээс Жеймс Бондын тухай кинонд тоглох хоёр дахь хүн болох юм.
2012 онд Их Британийн Хатан хаан Элизабета II болон нэрт тагнуулч Жеймс Бонд нар олимпийн тоглолтын нээлтэд зориулсан бичлэгт тогложээ.
Шинэ киноны албан ёсны нэр нууц хэвээр байгаа бөгөөд “Бонд” цувралын 25 дахь анги 2020 оны дөрөвдүгээр сард нээлтээ хийх юм байна. Бондын өрсөлдөгчийн дүрд энэ жил “Оскар”-ын "Шилдэг жүжигчин"-ий шагнал хүртсэн Рами Малек тоглох ажээ.
Эх сурвалж: THE SUN