Сүүлийн үед нийслэлд хаздаг хар хорхой элбэг байна гэсэн иргэдийн мэдээлэл их цацагдах болсон. Уг шавьж ихдэх болсон шалтгаан, хүний биед ямар хор учруулдаг талаар мэргэжлийн судлаач хүнээс тодруулга авч уншигчдад хүргэхээр зорилоо.
Ингээд Шинжлэх ухааны академийн дэргэдэх Геоэкологийн хүрээлэнд очиж, доктор Н.Цагаанцоожтой уулзсан боловч тэрбээр “Би одоо ярилцлага өгөх боломжгүй байна. Надад энэ талаар мэдээлэл алга, судлах хэрэгтэй. Тэгээд ч Биологийн хүрээлэнд шавьж судалдаг мэргэжлийн эрдэмтэд бий. Тэд илүү үнэн зөв мэдээлэл өгөх байх” гэв.
-БИОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН МЭДЭЭЛЭЛ ӨГСӨНГҮЙ-
Үүний дагуу офицерийн ордонд байрлах ШУА-ийн "Ерөнхий болон Сорилын биологийн хүрээлэн”-д очив. Үүдэнд суух жижүүрт зорилгоо хэлэхэд нэг давхрын эхний хаалгаас асуу гэв. Энэ хаалгыг онгойлговол хоёр хүн суух аж. Тэд “Чиний асуултад хариулт өгөх хүн хажуугийн цэнхэр хаалганд сууж байгаа. Шавьж судалдаг мэргэжлийн эрдэмтэн Ч.Гантигмаа гэж хүн бий” гэлээ.
Хаалганы цаанаас зөвшөөрөл аван орж, тодруулга авах тухайгаа ярив. Гэтэл өөдөөс “Нийслэлд яг ямар хорхой элбэг байгаа юм бэ?” гэж эргүүлэн надаас асуув.
-Би шавьж судалдаг хүн биш болохоор мэдэхгүй байна.
-Тэр хорхойгоо аваад ирэхгүй яасан юм, зөндөө олон төрлийн хорхойноос алийг нь би ярих вэ?
-Нийслэлд ямар хорхой элбэг байдаг вэ, тэр төрлийг л ярихад болно.
-Нийслэлд ямар нь элбэг байдгийг би мэдэхгүй.
-Тэгвэл хорхой шавьж хүний биед хэр нөлөөтэй болох талаар мэдээлэл өгч болох уу?
-Би суурь судалгаа хийдэг хүн. Тэр тусмаа цагаан эрвээхий судалдаг.
-Тэгвэл цагаан эрвээхий ч их байна. Энэ талаар мэдээлэл өгч болох уу?
………………………………………………………
Энэ хооронд түүний гар утас дуугарлаа. Бараг 10-аад минут ярив. Ярилцлага өгөх ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхой хариултгүй би хүлээж суулаа. Хажууханд гадаад мэргэжилтэн судалгааны ажлаа хийж суув. Цаг яваад л байлаа. Дахиад 10-аад минут нийтдээ 20 минут өнгөрөв. Түүний яриаг ажвал албан ажлын яриа огт биш байлаа. "Уучлаарай, таныг хүлээвэл удах нь байна. Хувийн яриагаа дараа ярьж болох уу, Би ажилтай яараад байна" гэж би учирлав. Гэтэл өнөөх Ч.Гантигмаа судлаач уурлаж гарлаа. Чи ер нь манай өрөөнд ямар зөвшөөрөлтэй орж ирсэн юм, чамд би мэдээлэл өгөх албагүй. Өөр хүнээс ав. Би шавьжны суурь судалгаа хийдэг хүн” гэв. Энэ үед гаднаас орж ирсэн өөр нэгэн эмэгтэй “Чи гурван хоногийн өмнөөс “Шавьжны талаар мэдээлэл өгөөч” гэж манай удирдлагуудад хүсэлт гаргах ёстой байсан. Үүний дагуу тэд өгөх үгүйгээ шийдэх болно. Чи яасан дураараа юм” хэмээн судлаачтай нийлэн загнаж гарлаа. “Та нар төрийн байгууллагад судалгаа хийж байгаа бол иргэдэд яагаад мэдээлэл өгч болохгүй байгаа юм бэ” гэвэл “Гэнэт орж ирээд олон юм ярилаа, мэдээлэл өгөхгүй” гэснээр биологийн хүрээлэнгээс ямар ч мэдээлэлгүй гарч ирэв.
-СЭТГҮҮЛЧ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХТЭЙ-
Төрийн байгууллагаас мэдээлэл авах гэж сэтгүүлчид чамгүй чармайдаг юм. Гэхдээ энэ удаагийнх арай дэндүү санагдав. Тэдний муу, сайныг нь ухах гэсэнгүй, зөвхөн иргэдэд үнэн, зөв мэдээлэл яагаад мэргэжлийн хүний зүгээс өгч чадахгүй байгаад гайхав. Бүр дургүй хүрэв. Гэрт нь зөвшөөрөлгүй ороод суучихсан бол хамаа алга. Гэтэл төрийн өмчийн байшинд ажлын цагаар хүн хүлээлгэчхээд утсаар яриад суучихдаг, дээр нь мэдээлэл өгөхгүй гээд гэдийчихдэг байдлыг ер ойлгохгүй байна. Энэ асуудлыг яах ёстой вэ??? Тэдэнд "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль"-аа сануулахаас өөр зам үлдсэнгүй.
Монгол улсын 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай” хуулийн Гуравдугаар бүлгийн 11-р зүйлд 1-д зааснаар
11.1. Иргэн, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй: Үүнд:
11.1.1. Тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, контракттай холбоотой мэдээлэл
11.1.2. Тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл
11.1.3. Тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл зэрэг орно.
Эцэст нь ганцхан асуулт үлдэв. Нийслэлд байгаа хаздаг хорхойнууд хүнд ямар нөлөөтэй вэ?Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид аа! Иргэд хаздаг хорхой аюултай гэж бодсоор байна.
Харин шог зураач С.Цогтбаатар цахим орчинд "Хар хорхойнуудаа өвөртлөөд Хамтдаа хэр амрав даа хө?" гэсэн шог зураг нийтэлжээ.
Холбоотой мэдээ