“Уяхан замбуутивийн наран” урлагийн их наадмын энгэрийн тэмдэг гарчээ. Энэхүү урлагийн наадмын билгэдлийг ерөнхий зураач, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмидийн бүтээсэн байна. Алтан шармал металь дээр товойлгон энгэрийн тэмдэгт билгэдлийг буулгажээ. Наадамд урилгаар оролцох эрхэм хүндтэй 500 зочинд дурсгах юм. Энэ талаар Соёлын гавьяат зүтгэлтэн П.Цэгмид “Урлагийн энэ их наадам эхлэхээсээ аваад дуустлаа “Уяхан замбуу тивийн наран” дууны агуулгаар амьсгална. Их наадмын бэлгэдлээс эхлээд л нарыг дүрсэлсэн байгаа. Нарыг угтах ёслол, наранд өргөх дуун цацал гээд олон ёслол бий. Их газрын чулуун дахь наадмын хотхон гэхэд говь нутгийн нүүдэлчдийн уламжлалт зан үйлийг илтгэн харуулна. Одоогоор 30 гаруй хуудас зураг нарийвчлан гаргаад байна. Энд наадмыг сонирхохоор ойролцоогоор 20000 орчим хүн цуглана гэж тооцсон. Хорин мянган хүн гурав хоног амьдрах хээрийн энэ хотхон хүнд юү хэрэгтэй байнав, тэр бүхнийг олон талаас нь бодолцон бүрдүүлэх учиртай. Орон байр, гэрэл, цахилгаан, ус унд, хоол цайны хангамж…унаа машины зам харгуй, зогсоол, дэг журам… гээд тэр бүхэн хүрэлцээтэй, боловсон, соёлтой, ямар нэг чирэгдэлгүй байхыг зохион байгуулагчид бодолцоно” гэв.
Түүнчлэн “Уяхан замбуутивийн наран” урлагийн хөтөлбөр гарчээ.
Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ
Холбоотой мэдээ