Э.Мягмардорж: Эрчим хүчийг зах зээлийн үнээр өгч байж ухаалаг хэрэглээнд шилжинэ

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Э.Мягмардорж: Эрчим хүчийг зах зээлийн үнээр өгч байж ухаалаг хэрэглээнд шилжинэ

Э.Мягмардорж: Эрчим хүчийг зах зээлийн үнээр өгч байж ухаалаг хэрэглээнд шилжинэ

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Бид энэ удаад Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Мягмардоржийг урилаа.


ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРИЙН 80 ХУВИЙГ НҮҮРС ЭЗЭЛДЭГ

-Эрчим хүчний салбарын хамгийн гол зарчим бол хэрэглэгчдэд найдвартай, чанартай цахилгаан нийлүүлэх юм. Мөн хоёрдугаарт, хямд байх ёстой. Гэтэл өнөөдөр манай улс хоёр дахь зарчмыг илүүд үзэж найдвартай, чанартай байх зорилгоо орхигдуулсан. Үүнээсээ болж эрчим хүчний системийн найдвартай байдал алдагдсан гэж хэлж болно. Манай улс өнгөрсөн жилийн байдлаар дотоодын эрчим хүчний хэрэглээнийхээ 80 хувийг өөрсдийн эх үүсвэр, 20 хувийг импортоор авлаа. Эрчим хүчний систем бие дааж чадаагүй, тодорхой хэмжээнд хараат байгаа нь үүнээс харагдана.

Бүсчлэлээр нь авч үзвэл эрчим хүчний таван систем бий. Төвийн, Дорнод, баруун бүсийн Алтай-Улиастай, өмнөд бүсийн системээс хамгийн том нь буюу төвийн бүсийнх нийт хэрэглэгчдийн 70 гаруй хувийг эрчим хүчээр хангаж байна. Мөн өмнөд бүсэд уул уурхайн хэрэглээ зонхилдог учраас төвийн бүсээс хангадаг.

Дэлхий даяар 170-аад орон сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Улс орнууд 2050 он гэхэд дотоодынхоо  хэрэглээг бүрэн сэргээгдэх эрчим хүчээр хангахаа мэдэгдэж үүнд чиглэсэн нэгдсэн бодлого, бодит төлөвлөгөөтэй болсон. Манай улсын хувьд 2030 он гэхэд дотоодын суурилагдсан хүчин чадалд эзлэх сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 30 хувьд хүргэх зорилго тавьсан. Дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн бүтцийг авч үзвэл нийт суурилагдсан хүчин чадлын 80 гаруй хувийг нүүрсний буюу дулааны цахилгаан станц эзэлдэг. Харин үлдсэн 17-18 хувийг сэргээгдэх эрчим хүч, жижиг чадлын дизель генераторууд бүрдүүлж байна. Сэргээгдэх эрчим хүч 17 орчим хувьтай байгаа ч үйлдвэрлэлд эзлэх хувь хэмжээ маш бага буюу дөнгөж зургаан хувьтай.

Дэлхийн чиг хандлага бүрэн сэргээгдэх эрчим хүч рүү чиглэж байна. 2015 онд байгуулагдсан Парисын гэрээнээс хойш улс орнууд эрчим хүчний бодлогоо сэргээгдэх эрчим хүч рүү чиглүүлж бодитой ажил хийж эхэллээ. Парисын хэлэлцээрээр улс орон бүр зорилт тавьж, үүрэг хүлээсэн. Гэтэл НҮБ-аас гаргасан судалгаагаар улс орнууд дэвшүүлсэн зорилтдоо 2030 он гэхэд хүрсэн ч гэсэн дэлхийн дулаарлыг 1.5 хэмд нь тогтоон барьж сааруулахад хангалтгүй. Тиймээс улам илүү эрчимжүүлэх ёстой гэсэн тооцоо гаргаж үүнтэй уялдуулаад дэлхийн улс орнууд эрчим хүчний бодлогоо илүү сайжруулж тодорхой болгож байна. Манайхтай хамгийн ойрын жишээ гэвэл Хятад улс эрчим хүчний шилжилтийн бодлого боловсруулж жил бүр тайлан тавьж илүү сайжруулахаар эрчимтэй ажиллаж байна. Тэдний амбийц бол дэлхийн дулаарлыг сааруулахад Хятад улс үр нөлөөтэй, зорилгодоо хүрэхгүй бол бусад улс орнуудын зорилго хэрэгжихэд хүндрэлтэй гэсэн байр сууринаас бодитой үр дүн гаргах юм. Гэтэл манай улс 2030 он гэхэд нүүрс хүчлийн хийн ялгаралыг бууруулахад 14 хувьд хүргэх зорилтдоо хүрэх зорилт тавьсан. Гэвч эрчим хүчний салбараас энэ зорилтод хүрэхэд хүндрэлтэй болж байх шиг байна. Учир нь 2018 оны аравдугаар сард Засгийн газрын тогтоол гарч эрчим хүчний дунд хугацааны зорилтыг хэрэгжүүлэх хөтөлбөр батлагдсан. Засгийн газрын хөтөлбөрт 300 гаруй мегаваттын нүүрсний цахилгаан станцуудын өргөтгөл тусгасан. Тэгэхээр эргээд нүүрсний станцын багтаамж өсч, сэргээгдэх эрчим хүч буурах төлөв харагдаж байна. Мөн манай улсын бодлого дэлхийн эрчим хүчний салбарынхтай төдийлөн уялдаж чадахгүй байна.

Сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр байгалийн шавхагдашгүй эх үүсвэрийг ашиглаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхийг сэргээгдэх эрчим хүч гэдэг. Монголд нарны болон салхины эрчим хүчний салбар түлхүү хөгжих боломж нээгдсэн ч энэ салбарт томоохон дэвшил авчрах Эгийн голын усан цахилгаан станцыг улс төрийн шахалтаар барьж чадсангүй.

2016-2018 онд сэргээгдэх эрчим хүчний салбарт 440 орчим сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн. Нарны болон салхины эрчим хүч байгалиас хамааралтай эх үүсвэр. Гэтэл манай улсын эрчим хүчний систем нүүрсний буюу 30-40 жилийн өмнөх хуучирсан технологид суурилсан хэвээр байна. Орчин үеийн болон 40 жилийн өмнөх систем хоорондоо зохицож ажиллах боломжгүйгээс энэ салбар сайн хөгждөггүй. Мэргэжлийн хэллэгээр бол эрчим хүчний горим тохируулгын хувьд хүндрэлтэй байгаа юм. Өөрөөр хэлбэл, салхи, нарны эрчим хүч багасахад одоо ашиглаж байгаа хэт хуучирсан технологиос хамаараад дулааны цахилгаан станц горим тохируулгаа хийхэд хүндрэлтэй.

НЭГ ХҮН ЦАХИЛГААН ХАНГАМЖДАА ӨДӨРТ ОЙРОЛЦООГООР 333 ТӨГРӨГ ТӨЛДӨГ

Блиц

Мэргэжил: Физик-электроникийн инженер, магистрын зэрэгтэй.

Ажлын туршлага:

2006 – 2008 онд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвд Эрдэм шинжилгээний дэд ажилтан

2008 – 2017 онд Салхин цахилгаан станцын төсөлд Ерөнхий инженер

2017 – оноос  Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга

– Эрчим хүчний салбарт айл өрхийн хэрэглээ зонхилдог учраас ачаалал тэнцвэргүй. Ажил тарсны дараа эрчим хүчний ачаалал оргил цэгтээ хүрч ОХУ-аас авч байгаа цахилгаан огцом өсдөг. Импортын цахилгаан эрчим хүч нь захиалгаас давсан эрчим хүч авбал нэмэлт төлбөртэй байх зэрэг нарийн заалтуудтай. Ялангуяа  өвлийн улиралд нарны эрчим хүч байхгүй, салхины эрчим хүч багасдагаас хүндрэл гардаг. Үүнийг олон улсад хэрхэн шийдвэрлэдэг вэ гэхээр хий, усан цахилгаан станцуудаар тохируулга хийж байна. Мөн сүүлийн жилүүдэд нөөцлүүр буюу батерейн систем хурдацтай хөгжиж байна. Харамсалтай нь манай улсад энэ технологиудын аль аль нь нэвтрээгүй. Эдгээр технологиуд өндөр хөрөнгө оруулалт шаарддаг. Эгийн голын усан цахилгаан станц 800 гаруй сая ам.доллараар байгуулагдах төлөвлөгөөтэй байсан. Хэрэв үүнийг байгуулчихвал эрчим хүчний системийн найдвартай ажиллагаа хангагдана. Үүндээ тулгуурлаад нарны болон салхины эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмж хөгжүүлэх бүрэн боломжтой.

Эрчим хүчний салбарыг доголдуулсан бас нэг асуудал нь Монгол Улсын эрчим хүчний хүчний системийн хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний тариф татаастай. Хоёр сарын өмнө Ерөнхий сайд Багануурын нүүрсний станцтай танилцах үеэр “эрчим хүчний зориулалтаар нийлүүлж байгаа нэг тонн нүүрснээс 3000 төгрөгийн алдагдал хүлээж байна” дарга нь гэж хэлж байна лээ. Энэ нь эрчим хүчний үнэ ханш зах зээлийн дагуу биш төрөөс хатуу зохицуулалттай явдагтай холбоотой. Хэрэглэгчдэд хямдхан цахилгаан өгөөд байгаа мэт боловч бусад салбаруудаа татаж унагаад байна. Уурхай, төмөр замд технологийн шинэчлэл хийх, ажилчдын нийгмийн хамгаалал гээд орлогоо зарцуулах, улам сайжрах шаардлагатай ч эдгээр боломжийг эрчим хүчний татаастай салбар нь барьчихсан. Дулааны цахилгаан станцууд зах зээлийнхээ өртгөөр орлогоо олж зах зээлийн үнээр борлуулж эхэлбэл улам сайжирна. Одоо бол элэгдэл хорогдлын зардлаа ч  бодитой суулгаж чаддаггүй эрүүл бус тогтолцоотой.

Дулааны үнэ зах зээлийн ханшаас 3-5 дахин бага үнээр хэрэглэгчдэд хүрч байна. Гэтэл айл өрхүүдэд эрчим хүчний зохистой, хэмнэлттэй хэрэглээ алга. Халуун барьдаг ус буцалгагчаа байнга залгаатай орхиж, өвөл паараа багасгахын оронд цонхээ нээдэг. Өнгөрсөн жил хэрэглэгчдийн дунд онлайн судалгаа хийж үзсэн. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн талаас илүү хувь нь дөрвөн ам бүлтэй. Цахилгааны сарын төлбөр нь дунджаар 40 мянган төгрөг гарч байна. Үүнийг хуваагаад үзвэл 4 ам бүлтэй айл хоногт 1333 төгрөгөөр, нэг хүн 333 төгрөгөөр бүрэн цахилгаанаар хангагдаж байна. Нэг хүн бүтэн өдрийн турш цахилгаантай байснаар 333 төгрөгийн төлбөр төлж байна. Гэтэл бид өдөрт хоёр талдаа 1000 төгрөгөөр автобусанд сууна. 1200 төгрөгөөр талх авна. Шатахуун, утасны нэгж, хоол унд, интернэтийн төлбөр гээд тооцвол өндөр дүн гарна. Ам бүлээрээ хэрэглэж байгаа цахилгааны төлбөр нэг хүний сарын утасны төлбөрт ч хүрдэггүй. Энэ бүгдтэй харьцуулахад цахилгааны төлбөр хаана нь ч хүрэхгүй.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ ТАРИФЫГ ЗАХ ЗЭЭЛИЙН ГОРИМОНД НЬ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

-Иргэд яагаад эрчим хүчний хэрэглээнд хайхрамжгүй, үрэлгэн ханддаг вэ гэвэл өөрсдийн хэрэглээнд тохирсон биш хэт бага төлбөр төлж байгаатай холбоотой. Үүнээс хамаараад эрчим хүчний салбарт эдийн засгийн их хэмжээний хохирол учирч байна. Товчхон хэлбэл эрчим хүчний үнэ тарифыг зах зээлийн горимонд нь оруулахгүйгээр салбарын хөгжлийг урт хугацаагаар төлөвлөх, харах боломжгүй. Хэрэглэгчдэд өөрсдийнх нь ашигласан цахилгааны үнийг зах зээлийнх нь үнээр өгөх хэрэгтэй. Ингээд эхэлбэл хүссэн хүсээгүй ухаалаг хэрэглээтэй болно. Мөн төрөөс эрчим хүчний салбарт өгдөг татаасууд үгүй болж оронд нь цалин тэтгэмж нэмэх зэргээр бусад салбарт зарцуулж болно. Гэтэл шийдвэр гаргах түвшний хүмүүс нь нийтэд таалагдах гээд салбарын болохгүй бүтэхгүйгээ ярьж оновчтой бодлого боловсруулж чаддаггүй. Ард түмэнд хайртай хүн болох гээд эрчим хүчний үнийг битгий өсгө гээд хүчээр тулгаж байгаа нь хэрэглэгчдийг хуураад зогсохгүй ирээдүйд найдвартай эрчим хүчээр хангагдах боломжийг нь золиосолж байна.

Хямд эрчим хүчний системтей учраас хувийн хэвшлийн хөрөнгө оруулсан нар, салхины эрчим хүчний эх үүсвэрийг үнэтэй гэж ойлгоод байна. Өөрөөр хэлбэл, зах зээлийн бодит өртгийг хэрэглэгчид хүлээж авахгүй. Үүнээс болоод олон улсын болон зах зээлийн жишгээр хэрэгжиж байгаа төслүүд хэрэгжих боломжгүй. Тэдгээр төслүүд олон улсаас хөрөнгө оруулалтын зээл авч засвар үйлчилгээгээ олон улсын стандартад нийцүүлдэг ч зах зээлийн ханшаар цахилгаан өгөхөөр сэргээгдэх эрчим хүч өртөг өндөртэй гэсэн буруу ойлголттой. Цаашид эрчим хүчний салбарынхаа найдвартай байдлыг хангах, дэлхийн улс орнуудын хөгжлийн чиг хандлагатай нийцүүлдэггүй юм гэхэд хол хоцормооргүй байна. Үүний тулд эрчим хүчний салбарын үнэ тарифыг чөлөөлөхөөс өөр аргагүй.

Хэрэв хэрэглэгчдэд зах зээлийн үнээр эрчим хүч өгч эхэлбэл их мөнгө төлөхгүйн тулд хэмнэх талаар бодож эхэлнэ. Илүү ухаалаг хэрэглээнд шилжинэ. Шаардлагагүй бол зурагт, коридорын гэрлээ унтраана. Ус буцалгагч, залгуураа салгах зэргээр үргүй зардлаа багасгана. Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан хэрэгслүүд авч эхэлнэ. Ингэж нийтээрээ эрчим хүчээ хэмнэж эхлэхээр импортын эрчим хүчнийхээ даацыг хэтрүүлж торгуульд унахгүй. Нүүрсний уурхайнууд алдагдал хүлээхгүй бол техникийн шинэчлэл хийж, ажилчдынхаа цалинг нэмнэ. Улсын төсвөөс нүүрсний уурхайнуудад өгдөг байсан татаасыг нийгмийн хангамж, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх зэргээр бусад салбарт зарцуулж эхэлнэ. Эцсийн дүндээ орлогогүй хүмүүст хямдхан цахилгаан өгөх үү. Баталгаатай орлоготой хүмүүст баталгаатай цахилгаан өгөх үү гэдэг сонголтыг бий болгоно. Бусад улс оронд эрчим хүч өндөр үнэтэй. Өндөр хөгжилтэй орны иргэд цахилгаанаа хэмнэхийн тулд бараг өвөл ч дулаанаа хязгаарладаг. Агааржуулагч ашиглахаас илүү нарны туяаг бууруулахын тулд модон хаалт хийх зэргээр эрчим хүчээ хэмнэдэг. Ихэнх улс оронд эрчим хүчний салбар улсаас татаас авахгүйгээр бие даах бүрэн чадамжтай байдаг.

ДЭЛХИЙН ДУЛААРЛЫГ БИЙ БОЛГОЖ БАЙГАА ҮНДСЭН САЛБАРЫН НЭГ НЬ ЭРЧИМ ХҮЧ

-Дэлхийн дулаарлыг бий болгож байгаа үндсэн гурван салбарын нэг нь эрчим хүч. Дэлхийн улс орнууд эрчим хүчний салбартаа түлхүү бодлогын шинэчлэл хийж, ухаалаг хэрэглээг бий болгож байна. Эрчим хүч, тээвэр хөдөө аж ахуйн салбарууд байгаль орчин, агаарыг бохирдуулдаг. Манай улсын хувьд нүүрсний станцуудаа усан цахилгаан станцаар сольж, өөр шинэ эрчим хүчний технологи бий  болгох хэрэгтэй. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй ч  дотоодынхоо нөөц боломжийг ашиглаж илүү ахиулах шаардлагатай.

Эрчим хүчээ хэмнэхгүй, ухаалаг хэрэглээнд шилжихгүй төсвөөс татаас өгч, үнэ тариф энэ хэвээр үргэлжлэх юм эрчим хүчний салбарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого ямар ч үр дүнгүй. Дандаа л бусад улс орны хөнгөлөлттэй зээл тусламж чиглэл рүү орно. Хэрэглэгчдэд найдвартай, чанартай эрчим хүчээр хангах ойлголт улам муудаж дэлхийн эрчим хүчний чиг хандлага манай улсад яриа төдий л байх болно.

Хувийн хэвшил рүү дайрдаг ч үнэндээ улсын тодотголтой зээл, төслийн үр дүн  хангалтгүй байдаг. 2008, 2010 онд Дөргөний болон Тайширын усан цахилгаан станц ашиглалтад орсон. Гэтэл одоо нэг квт цаг эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэж байна. Хөнгөлөлттэй зээлээр баригдсан мөртлөө 37 төгрөгөөр цахилгаан үйлдвэрлээд хэзээ ч хөрөнгө оруулалтаа нөхөхгүй. Хэрэглэгчид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Цахилгаанаа хямдхан хэрэглэлээ гээд үлдсэн татаасыг татвараараа дамжуулж төлдөг. Тиймээс ухаалаг хэрэглээнд шилжүүлж эрчим хүчний хэмнэлтийг бий болгоход зөв мэдээлэл өгч, үе шаттайгаар үнэ тарифыг нэмэгдүүлж байх хэрэгтэй. Үе үеийн сайд нар үүнийг мэддэг ч Засгийн газар, УИХ-ын босгыг давж чаддаггүй. Тухайн үеийнхээ албан тушаалыг хамгаалж үлдэхээс биш улс орныхоо төлөө шийдвэр гаргаж чаддаггүй

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж