-Дархан аварга А.Сүхбат энэ жилийн үндэсний баяр наадамд зодоглохгүй гэдгээ мэдэгдлээ-
Энэ жилийн үндэсний баяр наадмаар зүүний магнайд Г.Өсөхбаяр, А.Сүхбат аваргын хэн нь гарах вэ гэдэг дээр маргаан үүсээд байгаа. Өнөөдөр баяр наадмын бөхийн салбар хорооноос Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан Г.Өсөхбаярыг зүүнийг магнайлах шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн хоёр бөхөд наадамчин олон түмнээ хүндлээд эв найрамдалтай барилдахыг хүссэн.
Тэгвэл энэ шийдвэрээс шалтгаалаад дархан аварга А.Сүхбат энэ жилийн үндэсний баяр наадамд зодоглохгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр "Дүү аварга Г.Өсөхбаяр энэ жилийн наадамд зүүнийг манлайлаад барилдаг. Би дараа дараагийн наадмуудад зүүнээ тэргүүлэн барилдах болно гэдэгтээ итгэлтэй байна. Монгол бөхөд маань улс төр, хувь хүний ашиг сонирхол нөлөөлж байгаа учраас ийм шийдвэр гаргахад хүргэлээ." гэлээ.
Д.ЖАРГАЛ
НЭМЭЛТ:
Дархан аварга А.Сүхбат долдугаар сарын 7-ны өдөр мэдээлэл хийсэн юм.
Тэрээр: "Бөхийн эрэмбийг хуйвалдаад эрх мэдлээрээ далайлгаад авчихдаг иймэрхүү байдал тогтох вий гэдгээс эмээж өнөөдрийн хурлыг хийж байна. Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Баяр наадмын тухай хуулиар дархан аварга цолны болзлыг би 2004 онд хангасан. Энэ жилийн хувьд ард түмэндээ амалсан ёсоороо баяр наадамд зодоглоно. Бэлтгэлээ ч сайн хангасан. Миний бие эрэмбээ бууруулахгүйгээр цолондоо гарч барилдах бөгөөд энэ нь миний гучин жил дэвжээнд гарсан хөдөлмөрийн үр өгөөж юм. Би 2006 онд зодог тайлсан хэдий ч дасгалжуулагч хийгээд үргэлж дэвжээн дээрээ байсан. Дархан аварга цолыг би өөрөө өөртөө өгөөгүй. Ерөнхийлөгч зарлигаа гаргаж эрэмбээ тогтоогоод өгсөн шүү дээ. Энэ цолны эрэмбийг буулгах эрх надад байхгүй. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлигаа өөрчилж, эсвэл шүүхээр энэ маргаан шийдэгдээд эрэмбийг өөрчилбөл би хүлээн зөвшөөрнө.
Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн жил Баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж Далай аварга цолыг чимэг болгож, МУ-ын аварга, Далай даян аварга, Дайчин дархан аварга гэсэн ийм цолыг бий болгосон. Үүнтэй холбогдуулан 2014 оны долоодугаар сарын 7-ны өдөр Ерөнхийлөгч зарлиг гарган миний бие болон Г.Өсөхбаяр аваргад МУ-н Дархан аварга цолыг хүртээсэн. Энэ явдалд миний бие үнэхээр баярлаж, таяг тулаагүй насан дээр минь Дархан аварга цолыг гардууллаа гэж төр, ард түмэндээ баярлаж байлаа. Гэтэл тэр өдрөөс дөрөвхөн хоногийн дараа Үндэсний их баяр наадмаар гарч барилдахад Зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр аварга, барууны магнайд Дархан аварга А.Сүхбат аварга гарч барилдана гэхэд би үнэхээр гайхсан. Хүний байрыг булаасан юм шиг эвгүй байдалд орж, ард түмэнд буруугаар ойлгогдоод байх шиг санагдсан. Энэ асуудлыг шийдэж, эрэмбийг тогтоож, олон нийтэд зарлаж өгөхийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас хүссэн боловч одоо болтол хариу ирээгүй байна.
Монголын үндэсний бөхийн холбооноос долдугаар сарын 8-ны өдөр мэдээлэл хийхдээ дараах тайлбарыг өгсөн юм.
“Өнгөрсөн жил амжилтаараа Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлах шийдвэр гаргасан ч тухайн үед А.Сүхбат аварга зүтгэсээр зүүний магнайд гарсан. Г.Өсөхбаяр аваргын хувьд тухайн үед ард түмнээ хүндлээд баруун жигүүрт гарсан. Харин энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна. Тиймээс зүүний магнайг Г.Өсөхбаяр манлайлах юм. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1: Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь… эрэмбэлнэ”
“Ийм маргаан гарч байгаагүй”
Өнөөдрийн энэ нөхцөл өмнө нь 2004 онд үүсч байжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч 2004 онд зарлиг буулган улсын харцага, гарьд цолны болзлыг 2003 оноос өмнө хангасан бөхчүүдэд эдгээр цолыг нөхөн олгожээ. Шинээр цол нөхөн авсан дөрвөн гарьд, 25 харцагыг дээрх дүрмийн заалтаар амжилтаар нь эрэмбэлж байсан аж. Тухайн үед 2000 онд болзол хангасан Б.Гантогтох гарьдуудыг толгойж, 1990 онд уг болзлыг хамгийн эхэнд хангасан Д.Баяраа амжилтаараа сүүлд эрэмбэлэгдсэн байна. Энэ талаар Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан “Эдгээр бөхчүүдээс хэн нь ч ийм маргаан үүсгэж байгаагүй. Дүрмээ хүндэтгээд тогтоосон эрэмбээр барилдаж байсан. Өөрөөр хэлбэл энэ асуудал 10 гаруй жилийн өмнө шийдэгдэж нэг мөр болсоор ирсэн” гэв.
“Дархан аваргуудыг эрэмбэлэхгүй”
Үүнээс гадна дархан аваргуудыг эрэмбэлдэггүй талаар тодорхой мэдээлэв. 2003 онд гарсан хуульд дархан аварга цолтой болж нэгэнт дархлагдсан бөхчүүдийн хуучин эрэмбийг хэвээр үлдээхээр заажээ. Хоёр бөх нэг өдөр дархан аварга болсон энэ удаагийн нөхцөлд тэднийг эрэмбэлэх нь зүйн хэрэг. Харин тус хоёр бөх цаашид барилдан амжилт нь ямар ч байдлаар өөрчлөгдсөн энэ удаад тогтоосон эрэмбийг дахин өөрчлөх ёсгүй байдаг аж. Иймээс тэднийг 1966 онд дархан аварга болсон Ж.Мөнхбат, 1971 онд дархан аварга болсон Х.Баянмөнх нартай адилтган ярих нь утгагүй хэрэг гэдгийг хэлэв.
Баяр наадмын комиссын Үндэсний бөхийн салбар хорооноос Зүүнийг магнайлах вэ гэдэгт өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр тайлбар хийж, мэдээлэл өглөө.
Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааны зүүний магнайг Г.Өсөхбаяр аварга тэргүүлнэ гэж мэдэгдсэнийг Үндэсний бөхийн салбар хороо дэмжиж байна. Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт үүсээд буй маргаанаа зогсоохыг зөвлөж, наадамчин олноо хүндэтгэн эв найрамдалтай барилдахыг хүслээ. Зүүний магнайтай холбоотой маргаан өнгөрсөн жилээс эхэлсэн. Гэтэл МҮБХ-наадмын өмнөхөн энэ асуудлыг ярьж шийдвэрлэдэг нь буруу. Аль 365 хоногийн өмнө яригдсан маргааныг тухайн үед нь хоёр бөхтэй, ярилцаж үүссэн маргааныг хуулийн дагуу таслах ёстой байсныг ч Бөхийн салбар хорооны дарга Б.Батзориг мэдэгдлээ. Мөн салбарын асуудалдаа нухацтай хандаагүй МҮБХ ч хариуцлага хүлээх ёстой сануулсан юм.
Хуулиараа Монголын үндэсний бөхийн холбоо хэн зүүний магнайлах вэ гэдгийг шийддэг. Харин салбар хорооноос тус шийдэр зөв эсэхэд хяналт тавьдаг юм байна.
Зураглаач Ц.АРИУНБОЛД