Торгуулиа төлж чадахгүй нь автобусаараа зорч

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Торгуулиа төлж чадахгүй нь автобусаараа зорч

Торгуулиа төлж чадахгүй нь автобусаараа зорч

Улаанбаатар хотын автомашины түгжрэлийг сааруулахын тулд замыг бүсчилж, улсын үзлэгт автомашинаа оруулаагүй, татвар, торгуулиа төлөөгүй жолооч нарыг А, Б бүс рүү нэвтрүүлэхгүй байх журам хэрэгжүүлэхээр болж, судалгаа хийж буйг эсэргүүцэгчид олшров. “Хүний эрхийг зөрчих нь, баян, ядуугаар нь ялгаварлах нь” гэхчлэн шуугиулсаар л…

Шинэ төрлийн татвар бий болгож, төлбөр төлсөн нь хотын төв хэсэг рүү нэвтрүүлнэ гэхчлэн хязгаарлалт тавихаар зэхсэн бол иргэдээ орлогоор нь алагчиллаа гэж асуудал хөндөж болно. Гэтэл тэр талын зохицуулалт алга.  Зөвхөн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн нь хотын А, Б бүс рүү чөлөөтэй нэвтрэх боломжтой байхаар журамд тусгажээ.

Жолооч бүхэн жил бүр тээврийн хэрэгслээ улсын үзлэгт оруулж, агаар орчин бохирдуулснаас эхлээд зам ашигласны төлбөр төлдөг нь Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулиар хүлээсэн үндсэн үүрэг нь. Хөдөлгөөнд оролцож байхдаа дүрэм зөрчсөн бол Зөрчлийн хуулиар торгуулиа төлөх л ёстой.  Гэтэл Монголд 10-аас дээш зөрчилтэй хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй 63 мянган жолооч байна. 2015 оноос хойш жолооч нарт 4.5 сая торгууль ногдуулснаас 2.6 сая нь төлөгдөлгүй өнөөдрийг хүргэжээ.  Энэ бол Монголд хууль хэрхэн гууль болж буйн нэг бодит жишээ юм. Тодруулж хэлбэл, төрийн байгууллагуудын хуулиа хэрэгжүүлдэггүй сул талыг нэг хэсэг нь ашиглаж, цаг тухай бүрт нь татвараа төлж,  үүргээ биелүүлдэг жолооч нартай эн тэнцүү эрх эдэлж явна гэсэн үг.  Ийм учраас хуулиа биелүүлж байж бусад эрхийг эдлэх ёстой гэдгийг энэхүү А, Б бүсчлэлээр зохицуулахыг оролдож байна.

Хэрэв дээрх зохицуулалт ажил хэрэг болбол түгжрэлийг 50 хувиар бууруулах боломжтой. Түгжрэл буурна гэдэг нь нийслэлчүүдийн хувьд 2-3 цагийг түгжрэлд алддаг асуудал байхгүй болно. Түгжрэлд шатаадаг шатахуунаа ч хэмнэнэ. Нөгөө талдаа хүн бүрт хуулиа биелүүлэх ухамсар сууна.

Монголчуудын дийлэнх эдлэх эрхээ мэддэг хэр нь дагалдаад үүрэг хүлээж байдаг гэдгийг мэддэггүй.  Хууль зөрчихийг ч хүний эрх гэж үзэх нь холгүй.  Ийм байдалд хүрэхэд үе, үеийн эрх баригч намуудын сонгуулиа бодож гаргасан шийдвэрүүд ч нөлөөлж ирсэн байдаг.

Хэдэн жилийн өмнө Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж болох байсан. Гагцхүү санал авч, дахин сонгогдохоо бодоод зоригтой шийдвэр гаргаагүй. Одоо үр дагаварт нь жилд 500 гаруй хүн автомашины ослоор амиа алдаж байна.

Буруу талдаа хүрдтэй, насжилт нь өндөр автомашины импортыг хязгаарлах шаардлага байна гэдэг саналыг мэргэжлийн байгууллагууд гаргаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар хуулийн төсөл санаачлан оруулж ирэхэд өнөөгийн эрх баригчид “Ард түмнээ ялгаварлалаа” гэхчлэн шүүмжилсээр болиулж байсан. Гэтэл өнөөдөр Улаанбаатар хот нь автомашины түгжрэлдээ дарлуулсан, жилд хэдэн мянгаараа авто машины осолд орж, эрэмдэг зэрэмдэг болсон, Японы хуучин машины сэгээр дүүрсэн улс болж хувирлаа. Агаарын бохирдлын нэлээд хувийг өндөр насжилттай автомашинаас ялгарах утаа ч эзэлж байна.

Амьжиргаа сайжраагүйгээс хуучин автомашины хэрэглээ ч буурахгүй байна. Жилд 70 мянга орчим тээврийн хэрэгсэл импортоор орж ирж байгаагийн 70 хувийг буруу талдаа хүрдтэй, насжилт өндөртэй автомашин эзэлсээр…

Өөрөөр хэлбэл, төр одооноос эхэлж бодлого гаргах шаардлагатай болж байна.

Нөгөө талдаа Улаанбаатар хотын авто машины түгжрэлийг сааруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зөрчилгүй жолоочийг А, Б бүсээр нэвтрүүлье гэх эхний ажлыг нийтээрээ дэмжих шаардлага байна.

Харин хотын захиргаа нийтийн тээврээ бэлдэх, хөгжүүлэх.   Зөрчилгүй жолооч нарыг хотын А, Б бүс рүү нэвтрүүлснээр түгжрэл 50 хувиар буурах нь бодитой бол автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай. Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 850 гаруй автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуус, автомашингүй иргэд л голчлон зорчиж байна. Өдөрт 1 сая орчим иргэнд үйлчилдэг гэх мэдээлэл бий. Тэгвэл автомашинаа тавиад нийтийн тээвэр сонгох иргэдийн хэрэгцээнд хэчнээн тооны автобус нэмж авах шаардлагатай вэ гэдгээс эхлээд зохицуулалт шаардаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
13
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж