Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотод зохион байгуулагдсан цагдаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний пауэрлифтингийн төрөлд Монголын цагдаагийн баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ. Спортын 60 төрөлд 80 гаруй улсын цагдаагийн тамирчид оролцсоноос манай улсаас цагдаагийн пауэрлифтингийн шигшээ багийн зургаан тамирчин амжилттай оролцжээ.
Тодруулбал,
Пауэрлифтингийн дэлхийн аварга ОУХМ Шаравдоржийн Алтанбагана насанд хүрэгчдийн -90 кг-ын жинд оролцож, хэвтээ шахалтын төрөлд цагдаагийн дэлхийн аваргын рекордыг 5 кг-аар шинэчилж, нийлбэр өргөлтөөр мөнгөн медаль хүртжээ.
Лхагвасүрэнгийн Эрдэнэцогт мастер 40-44 насны ангилалын +125 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр алтан медаль,
Намхайдоржийн Баярмаа 30-39 насны ангилалын -60 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр алтан медаль,
Баатаржавын Хишигтох мастер 40-44 насны ангилалын -90 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр мөнгөн медаль
Хоролсүрэнгийн Ууганбаяр мастер 40-44 насны ангилалын -110 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр хүрэл медаль
Раднаасүрэнгийн Баярмагнай 30-34 насны ангилалын -90 кг-ын жинд нийлбэр өргөлтөөр хүрэл медаль тус тус хүртлээ.
Тэмцээн зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 5-ны хооронд болсон байна.
Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын цагдаагийн байгууллагын нэрийг өндөрт өргөсөн баг тамирчиддаа спортын амжилт хүсье.
Ч.БОЛОР