Хаврын чуулганы хаалтын үеэр УИХ-ын дарга З.Энхболд үг хэлэхдээ “МАН-ын зургаан сайдыг чөлөөлж, шинэ сайдуудыг нөхөн томилох асуудлыг шийдвэрлэх зорилгоор ирэх наймдугаар сарын 3-ны өдрөөс УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар төлөвлөж байна” гэж мэдэгдсэн. УИХ-д өргөн бариагүй асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, сайдуудыг чөлөөлж, томилох нь хуульд нийцэхгүй гэж зарим гишүүд үзэж байгаа аж.
Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “УИХ-д орж ирээгүй асуудлаар ээлжит бус чуулган зарлаж, Засгийн газарт халаа сэлгээ хийвэл Үндсэн хууль зөрчсөн асуудал болно. Зарлан мэдээлсэн болохоос одоогоор захирамж гараагүй байна. Хэрэвзээ үнэхээр өргөн бариагүй асуудлыг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган зарлах захирамж гаргавал хууль бус үйлдэл болох юм. Үүний цаана цэвэр улс төрийн эрх ашиг, сонирхол явж байна гэж харж байгаа. Үнэндээ логикийн хувьд хамгийн муу хувилбар. Болоогүй зүйлийг магадгүй болохгүй зүйлийг урьдчилан тааж, урьдаас мэдэж байна гэдэг нь хууль тогтоох байгууллагын буруу. Өөрөөр хэлбэл, хүнийг гэмт хэрэг хийгээгүй байхад гэмт хэрэгтэн гэж гүтгэн мэдээлэхтэй яг ижил зүйл юм. Сайдуудын асуудлыг өргөн барьчихсан байх үед УИХ-ын дарга З.Энхболд ийм мэдэгдэл хийсэн бол өөр. Харамсалтай нь асуудлыг өргөн бариагүй байхад засгийн асуудлаар ийм болчимгүй мэдээлэл хийж болохгүй байлаа” гэв.
Д.ЖАРГАЛ
.