"Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийн материалыг судалж байна"

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

"Түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийн материалыг судалж байна"

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа-2” 972 орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэл наймдугаар сарын 05-ны 00.00 цагт хаагдсан. Цахим бүртгэлтэй холбоотой зарим зүйлийг нийслэлийн Орон сууцны корпорацийн дэд дарга С.Дорждэрэмээс тодрууллаа. Тэрбээр “Түрээсийн орон сууцны цахим бүртгэл хаагдаж, иргэдийн хувийн мэдээлэлтэй дөнгөж танилцаж эхэлж байна. Гэтэл зарим иргэд бүртгэл дуусаад л шууд сонгон шалгаруулалтын хариу гарах юм шиг буруу ойлголттой байна” гэдгийг хэлж байв.


-Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд өчигдөр шөнө хаагдсан. Нийт дүнгээр хэчнээн хүн амжилттай мэдээллээ бүртгүүлсэн байна вэ?

-Цахим бүртгэл өчигдөр дуусч, нийт 35 мянга 58 хүн мэдээллээ амжилттай бүртгүүлсэн гэсэн дүн гарчээ. Бид анх 35 орчим мянган хүн бүртгүүлэх байх гэсэн хүлээлттэй байсан. Энэ тоо яг таарч байна. Анхнаасаа “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд хамрагдах хүсэлтэй иргэдийн тоо байрныхаа тооноос хэд дахин давсан эрэлттэй байсан шүү дээ.

Тийм учраас “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах” шинэ журмыг батлуулж, найман ангилал тус бүрдээ ямар үзүүлэлтийг харгалзан үзэх шалгуурыг нэг бүрчлэн тусгасан байгаа. Жишээлбэл, залуу гэр бүл гэсэн ангилалд ам бүлийн тоо, нийгмийн даатгал төлсөн жилээр, гэр хорооллын агаарын чанарын ямар бүсэд амьдардаг, хүүхдийн тоо зэргийг харгалзан үзэж эрэмбэлнэ.

Залуу гэр бүлийн 20 хувийг нь түрээсийн орон сууцанд хамруулна гэсэн байгаа шүү дээ?

-Тийм. Тэгэхээр “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны 30 хувийг иргэдэд энгийн түрээс хэлбэрээр түрээсэлнэ. Өөрөөр хэлбэл энгийн түрээсийн 59 орон сууцанд залуу гэр бүлийг хамруулна гэсэн үг. Цахим бүртгэлийн хугацаанд энгийн түрээслэх орон сууцны хүсэлтийг нийт 361 залуу гэр бүл ирүүлээд байна. Эдгээр ирүүлсэн хүсэлтийг л шалгуурын дагуу эрэмбэлж, 59 байранд хамруулах юм.

-Иргэдийн хувьд байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлэх хүсэлтэй байгаа нь ажиглагдсан. Хэчнээн хувь нь энэ хэлбэрийг сонгон бүртгүүлсэн байна?

-Иргэдийн дийлэнх хувь нь буюу 87.8 хувь нь байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлжээ. Энэ нь иргэдийн өөрийн гэсэн өмчтэй болох амьдралын урт хугацааны зорилгыг илтгэж байгаа юм. Тиймээс түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлсэн иргэдийн дунд өрсөлдөөн их байх нь ээ. Харин хувийн хэвшилд ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд хамгийн олон иргэн бүртгүүлсэн байна. Дараагаар нь өндөр настны тэтгэвэрт тогтоолгосон ахмад настан, төрийн албан хаагч гэсэн ангилалд иргэд олноор бүртгүүлж, хүсэлт ирүүлсэн.

-Одоо цахим бүртгэл дууссан. Нийслэлийн Орон сууцны корпорациас ямар ажлыг хариуцан хийж байна вэ?

-Түрээсийн орон сууцны цахим бүртгэлийг нийслэлийн хэмжээнд анх удаа маш амжилттай зохион байгууллаа. Цахим бүртгэлийн үеэр ноцтой алдаа гарч, систем гацсангүй. Бид анх удаа энэ ажлыг зохион байгуулж байгаа учраас дотроо битүүхэн айдастай  байлаа. Өнөөдрөөс эхлэн иргэдийн цахим бүртгэлд оруулсан мэдээллийн нягталж, хянаж байна. Иргэд хувийн мэдээллээ бүртгүүлэхдээ олон алдааг гаргажээ.

Жишээлбэл, ам бүлийн тоо гэхэд 45 гэж бичсэн, нийгмийн даатгал хугацаа гэхээр анх төлж эхэлсэн он, сараа тавьсан байна. Зарим иргэдийн төрсөн он, сар, өдөр нь регистрийн дугаартай нь таарахгүй байна. Бидний зүгээс хүсэлт ирүүлсэн бүх хүний мэдээллийг үзэх шаардлагатай байна. Иргэдийн зарим нь орон сууцанд амьдардаг гэх хаягтай ч хүмүүс байх жишээтэй. Чамгүй хугацаа шаардагдах учраас иргэдийн зүгээс хүлээцтэй хандахыг хүсье.

-Иргэд сонгон шалгаруулалт хэзээнээс эхэлж, гар утсаар мэдээллээ ирүүлэх вэ гэдэг асуултыг тавьж байна. Энэ асуултад хариулт өгөөч?

-Энэ ажлын дараагаар нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан “Орон сууц хуваарилах тусгай комисс” иргэдийн хүсэлттэй танилцаж, эрэмбэлнэ. Дараагаар нь найман ангилалд бүртгүүлсэн иргэддээ тэнцсэн, тэнцээгүй гэж мэдээлж, тэнцсэн бол эх материал бүрдүүлэхийг шаардана. Хэрвээ иргэн хувийн мэдээллээ худлаа бүртгүүлсэн бол хар жагсаалтад орно. Дээр жишээ авсан 59 байранд орох хүсэлтэй залуу гэр бүлийн хоёр нь худлаа мэдээллээр бүртгүүлсэн гэж үзвэл дараагийн 60, 61 дэх эрэмбэлэгдсэн хүмүүсийн материалыг хүлээн авах болно. Одоогоор түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалт эхлэх цаг хугацааг хэлэхэд эрт байна.

– “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцыг Улсын комисс хүлээж авсан уу?

-Одоохондоо Улсын комисс хүлээж аваагүй байгаа. Бид ямар ч байсан хүйтрэхээс өмнө иргэдээ орон сууцанд нь оруулахаар зорьж ажиллаж байна.

 

Гэрэл зургийг: Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж