Үндэсний бөхийн салбар хорооноос Зүүнийг магнайлах вэ гэдэгт тайлбар хийж, мэдээлэл өглөө. Уржигдар буюу энэ сарын наймны өдөр Монголын үндэсний бөхийн холбооноос энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааны зүүний магнайг Г.Өсөхбаяр аварга тэргүүлнэ гэж мэдэгдээд байсан. Тэгвэл баяр наадмын комиссын үндэсний бөхийн салбар хорооноос энэ шийдвэрийг дэмжиж, Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарт үүсээд буй маргаанаа зогсоохыг зөвлөж, наадамчин олноо хүндэтгэн эв найрамдалтай барилдахыг хүслээ. Хуулиараа Монголын үндэсний бөхийн холбоо хэн зүүний магнайлах вэ гэдгийг шийддэг. Харин салбар хорооноос тус шийдэр зөв эсэхэд хяналт тавьдаг юм байна.
Зүүний магнайтай холбоотой маргаан өнгөрсөн жилээс эхэлсэн. Гэтэл МҮБХ-наадмын өмнөхөн энэ асуудлыг ярьж шийдвэрлэдэг нь буруу. Аль 365 хоногийн өмнө яригдсан маргааныг тухайн үед нь хоёр бөхтэй, ярилцаж үүссэн маргааныг хуулийн дагуу таслах ёстой байсныг ч Бөхийн салбар хорооны дарга Б.Батзориг мэдэгдлээ. Мөн салбарын асуудалдаа нухацтай хандаагүй МҮБХ ч хариуцлага хүлээх ёстой сануулсан юм.
Энэ жилийн баяр наадмын бөхийн барилдааныг зохион байгуулахад 90 орчим сая төгрөг зарцуулж байгаа гэлээ. Улсын хэмжээнд 100 орчим галд 900 орчим бөх гарч, бэлтгэл сургуулилалтаа базааж буй аж. Мөн бөхчүүдийн бүртгэл өнөөдөр арван найман цагт албан ёсоор дуусна. Улмаар салбар хорооноос нь бөхчүүдэд наадамчин олноо хүндэлж, барилдааны цагаа баримталж, ёс зүйтэй барилдахыг хүссэн санамжийг өгчээ. Гэхдээ энэ удаагийн наадамд бөхийн барилдааныг хөлийн цэцүүдий энгэрт камер зүүлгэж хянах юм.
Монголын үндэсний бөхийн холбооноос долдугаар сарын 8-ны өдөр мэдээлэл хийхдээ:
“Өнгөрсөн жил амжилтаараа Г.Өсөхбаяр аварга зүүнийг манлайлах шийдвэр гаргасан ч тухайн үед А.Сүхбат аварга зүтгэсээр зүүний магнайд гарсан. Г.Өсөхбаяр аваргын хувьд тухайн үед ард түмнээ хүндлээд баруун жигүүрт гарсан. Харин энэ жил хууль дүрэм, ёс журмынхаа дагуу явна. Тиймээс зүүний магнайг Г.Өсөхбаяр манлайлах юм. Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрмийн 3.6.1: Ижил цолтой бөхчүүдээс тухайн цолны болзлоо олон биелүүлснийг, энэхүү нөхцөл ижил байвал доод давааг олон давсныг эхэнд нь… эрэмбэлнэ”
Энэ хүрээнд тооцвол Г.Өсөхбаяр даян аварга цолтой байхдаа Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгддэг байсан. Амжилтын хувьд Г.Өсөхбаяр гурван удаа найм давсан нь Г.Сүхбатын өмнө эрэмбэлэгдэх нь тодорхой” хэмээн мэдээлсэн юм.
Д.УЛАМБАЯР
Зураглаач Ц.АРИУНБОЛД