Авто спортын формула-1 уралдааны 2019 оны ДАШТ замынхаа хагасыг туулаад байна. Нийт 21 гараа явагдахаас 12 дахь гараа өнгөрсөн амралтын өдөр Унгарт болж өндөрлөсөн. Унгарын гарааны дараа формула-1 уралдаан түр завсарлах бөгөөд ирэх есдүгээр сарын 1-нд Бельгийн гранпригээр эргэн ирнэ.
Улирлын эхний хагаст “Мерседес” баг хамгийн шилдэг нь байж, 438 оноотой тэргүүлж байгаа бол нисгэгчдээс тус багийн Л.Хэмилтон 250 оноотой тэргүүлж, В.Боттас 188 оноотой удаалж байна. Британи нисгэгч Л.Хэмилтон өчигдөр /2019.08.04/ Германы гараанд болсон алдаагаа засан Унгарын гараанд ялагч болсноор энэ улирал найм дахь түрүүгээ хүртлээ. Түүнтэй хамт пол-позишн хийсэн “Ред Булл” багийн М.Верстаппен блон “Феррари” багийн С.Феттел нар шагналын тавцан дээр гарчээ. Хэрвээ М.Верстаппен болон түүний багийнхан дугуй солиход алдаа гаргаагүй бол түрүүлэх ч боломж байсныг дурьдах хэрэгтэй. 64 дэх тойрогт Л.Хэмилтон дугуйгаа солисноор үлдсэн хугацаанд илүү хурдтай байж тэргүүлэгч М.Вертаппеныг гүйцэж, Унгарын гарааны ялагч болсон.
ДАШТ-ий эхний хагас өндөрлөхөд бүх 11 баг ямар нэгэн байдлаар оноо авсан. Харин “Уилльямс” багийн Британи нисгэгч Ж.Расселль ганцаараа оноо авч чадаагүй бол бусад 21 нисгэгч оноо авсан. Улирлын эхний хагаст Л.Хэмилтон найман гараанд, мөн багийн Финланд нисгэгч В.Боттас хоёр гараанд түрүүлээд байгаа бол “Ред Булл” багийн Нидерланд нисгэгч М.Верстаппен хоёр гараанд түрүүлээд байна. Ерөнхийдөө энэ улиралд “Мерседес” баг, түүний шилдэг нисгэгч Л.Хэмилтон тэргүүлэх нь бараг тодорхой болж байгаа бол хоёрдугаар байрны төлөө В.Боттас, М.Верстапен болон С.Феттел нарын дунд, харин багийн өрсөлдөнд “Мерседес” багийн араас “Ред Булл” болон “Феррари” багууд хоёрдугаар байрны төлөө өрсөлдөж байна.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ