Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан урьд жилийн амжилтаа бататган, айргийн таваар хурдаллаа. Төрийн наадам албан ёсоор эхэлсэн анхны өдөр унаган хүлгээ айрагдуулсан Алдарт уяачийн баярын сэтгэгдлийг хуваалцлаа.
-Халзан үрээ төрийн наадамдаа дахин айрагдаж, амжилтаа бататгалаа. Баяр хүргэе.
-Баярлалаа. Халзан үрээ маань ноднин төрийнхөө наадамд дөрөвт хурдалж байсан. Харин энэ төрийнхөө наадамд айргийн тавд хурдаллаа. Сэтгэл өндөр байна. Унаган адуугаа айрагдуулахаас сайхан баяр уяач хүнд юу байхав.
-Халзан үрээний хэд дэх уралдаан бэ?
-Он гарсаар гурав дахиа уралдаж байна. Цагаан сарын дараа Луус суманд болсон айлын мялаалга наадам болон Өндөршил суманд болсон уралдаанд 10-н хэдээр давхисан. Тэгээд энд ирж айрагдлаа.
-Нийт нутгаар гандуу байгаа нь хүн, моринд аль алинд хүндхэн байх шиг байна?
-Тэгэлгүй яахав. Хэцүүхэн байлаа. Энд ирээд өвс хоол муутай байсан болохоор жаахан айж л байлаа. Төрийн наадмын дэвжээнд дуртай болгоны морь айрагдахгүй шүү дээ.
-Хүй долоон худагт хэзээ ирэв?
-Өчигдөр ирлээ.
-Олуулаа ирэв үү? Хязаалан насны морьдын уралдаанд Дундговийн хоёр үрээ айрагдлаа шүү дээ?
-Ахынхаа хүү Өлзийжаргалтай ирсэн.
-Хэдэн насны морь мордуулах вэ?
-Хязаалан, шүдлэн хоёртой ирсэн. Хязаалан маань айрагдаад гараагаа сайхан л эхэллээ. Одоо шүдлэнгээ мордуулна даа.
-Амжилт хүсье. Сайхан наадаарай.
-Баярлалаа.
А.ЭНХЖИЛ
Эх сурвалж: www.todmagnai.mn/