Монголын дуурийн урлагийн хөшгийг анх нээн тайзнаа 80 гаруй жил эгшиглэж байгаа сонгодог урлагийн сор болсон бүтээл нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 10-нд буюу өнөөдр 21.00 цагт Чингисийн талбайд үнэ төлбөргүй эгшиглэх гэж байна.
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүдэд наадмын бэлэг болон эгшиглэх энэхүү сонгодог бүтээлд ДБЭТ-ын голцол, найрал дуучид, симфони оркестр, балет ангийн бүжигчид оролцон тоглож, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх дохих нь ээ.
Нэрт зохиолч Д.Нацагдорж Орос, Герман улсад зорчиж, өрнийн соёлыг үзэж ирээд “тийм л зохиол” /сонгодог бүтээл/ бичихийг хүссэн байж энэхүү бүтээлээ “Үйлийн гурван толгой” нэрээр анх бичиж байжээ. Анх “Учиртай гурван толгой” жүжгийг хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэн бичсэн эмгэнэлт жүжиг байсан гэдэг. “Учиртай гурван толгой” анх бичигдэхдээ Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдлын тухай зохиол байжээ. Гэхдээ амар сайхандаа жаргадаг үлгэр шиг “Учиртай гурван толгой” дуулалт жүжиг хурим найраар төгсдөг. Тиймээс их зохиолч Д.Нацагдорж монгол хүний билэг дэмбэрэл, ашдын ерөөл гэдэг зүйлийг бодоод ингэж эерүүлсэн аж. Угаасаа ч монгол заншил ёсоор сайн санаат хүн ялж төгсдөг учиртай. Үүнийгээ “Гандий мод”, “Хулсан ташуур”, “Цэнхэрлэн харагдана”, “Гунан хар” дуугаар тайзнаа амилуулан буулгаж нэрт зохиолч Д.Намдаг гуай найруулсан түүхтэй.
1934 онд анх Бөмбөгөр ногоон театрт “Учиртай гурван толгой” хөгжимт жүжгийг дан ардын дуугаар тоглодог байсан бол 1944 онд Б.Дамдинсүрэн ая зохиосноор “Учиртай гурван толгой” өөрийн гэсэн ая, үгтэй болсон. Энэ дуурь Монголын театр урлагт их олон шинэчлэлийг дагуулсан. Жишээлэхэд ардын найрал дуу байна. Урьд нь байгаагүй зүйлсийг тайзнаа амилуулсан нь энэ.
Монголын сонгодог урлагийн сор болсон уг дуурь 1997 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган зайлшгүй тодорхой хэмжээний засвар хийх шаардлага байна хэмээн үзэж шинэчлэн найруулан тавьснаар өнөөдрийг хүртэл тайзнаа эгшиглэсээр байгаа билээ.
“Учиртай гурван толгой” дуурь тайзнаа найраар эхэлж, найраар өндөрлөдөг байсан бөгөөд дөрвөн цаг эшиглэдэг байжээ. Харин өдгөө театрын тайзнаа хоёр цаг гаран эгшиглэдэг юм. “Учиртай гурван толгой” дуурийн 80 жилийн ой 2014 онд тохиосон бөгөөд энэ удаад Чингисийн талбайд хугацаанд 2415 дахь удаа эгшиглэнэ. Тус дуурьт олны дунд халхын сайхан Юндэн гэж алдаршсан Төрийн соёрхолт, ардын жүжигчин Ц.Цэгмид, А.Цэрэндэндэв, Ц.Дагванамдал, Монголын сайхан Нансалмаа гэхээр Ардын жүжигчин Л.Цогзолмаа Д.Пүрэвсүрэн А.Загдсүрэн П.Цэвэлсүрэн А.Бүтэд, Х.Уртнасан гээд л үе үеийн гайхамшигтай дуучид дуулж байсан. Харин өнөөдөр Юндэнд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Нансалмаад Соёлын тэргүүний ажилтан Ш.Наранчимэг, Балганд Ж.Бямбажав, Хоролмаад Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг нарын залуу дуучид тоглоно.
–Учиртай гурван толгой дуурь бүтсэн түүх–
“Учиртай гурван толгой" дуурийн хэрхэн зохиогдсон тухай түүхээс сонирхуулахад, Төрийн хошой шагналт Донровын Намдаг сэрvvн тунгалаг ахуйдаа ийн дурсан бичжээ. Тэрбээр “1934 оны хавар, гудамжны шороо дээр дороо орон бужигнасан нэгэн зэврvvн өдөр би Улсын төв театрын “Бөмбөгөр ногоон” гэж алдаршсан байшингаас гарангуутаа нөхөр Нацагдоржийнх руу явлаа. Уг нь би Нацагдоржийнхоор бишгvй ордог байсан атал сүүлийн бүтэн жил ер ороогvй аж. Энэ зуур Нацагдорж Нина гэдэг орос хүүхэнтэй ханилж, өөр газар шилжин суусан байлаа. Нацагдорж ном дэвтрүүд ба бичиг цаас овоолсон хоолны ширээний хажууд юм бичиж сууснаа орхин “Наяа” гэж намайг дуудан угтаж ширээнийхээ нөгөөтэй суулгав. Тасалгаан дахь өөр бусад сав шургуулга мэт дээр мөн л ном судар, бичиг цаас овоолгоостой. Yзтэл орон сууц багадаж, үзэх судлах, хийж бvтээх зэрэгт дарагдаад байгаа нь илэрхий. Гэтэл би бас өөрт нь ажил нэмэх санаатай яваа. Зохиолгvй байгаа зовлонгоо тоочсоныг Нацагдорж маань анхааралтайгаар сонсож, сэтгэл хуваалцав. Дараа нь гаргах жүжигтэй болгож өгөхийг гуйсны минь хариуд үгүй гэж хэлж чадахгvй хvлээн авлаа. Иймд бид тэр дорхноо чухам юун тухай хэрхэн бичих рvvгээ яаран оров. Нацагдоржид нэгэн аялгуутай эмгэнэлт зvйл бичих сэдэв бий аж. Тэгээд автономатын үед үзэсгэлэн сайхнаараа дуунд гарсан Юндэн гөөгөө гэдэг хүний бодит амьдралд тохиолдсон зvйлсийг ярив. Yvнийг нь би сонирхон тайзан дээр хэрхэн тохируулах талаар арга ухаан сийлэхийг бодно. Юу юуны урьд эмх замбараатай, маш цөөн хvмvvсийн дунд эргэлдvvлэхийг л эрхэмлэнэ. Энэ бодлыг Нацагдорж зөвшөөрөхийнхөө зэрэгцээгээр, үндэсний аялгуут жvжгийг бий болгох явдалд зохистой шинэ хэлбэр бий болгохыг эрмэлзэв. Гэтэл энэ үед ая дуу зохиох мэргэжлийн хүн байтугай нот мэдэх хүн бараг байхгvй шахам байсан цаг. Гэлээ ч бид оролдох нь чухал гэж үзэн хоёр цаг хэртэй харилцан ярилцсаны үр дvнд, нэгэн жvжгийн төлөвлөгөөг бvрэн боловсруулан гаргаж амжив. Энэ бол анхны “Учиртай гурван толгой”. Бvх vйл явдал Юндэн, Нансалмаа, Балган, Хоролмаа нарын хооронд болсон янаг амрагийн эмгэнэлт явдал бөгөөд үүнээ бид хөдөө талын гурван бяцхан толгойн дунд эргэлдүүлэв” хэмээх дурсан бичиж байжээ.
–“Учиртай гурван толгой” гадаадад тоглогдсон нь–
“Учиртай гурван толгой” дуурь нь гадаад орнуудад болсон хүндэтгэлийн концерт, Монголын соёлын өдрүүдийн тоглолт, олон улсын наадам тэмцээнд Монголын уламжлалт ба одоогийн урлагийн төлөөлөл болж байв. 1947 онд Чехословак улсад болсон Дэлхийн залуучуудын анхдугаар фестивальд А.Цэрэндэндэв, Л.Цогзолмаа нар уг дуурийн хэсгээс дуулж оролцжээ.
Улсын төв театрт ажиллаж байсан Оросын мэргэжилтэн Н.Бельский уг жүжгийн V үзэгдлээс орос хэл дээр хэсэгчлэн орчуулсан байна. Хятад хэл дээр уг жүжгийн танилцуулгыг анх 1958 онд хэвлэжээ. 1959 онд Хятадын хувьсгалын 10 жилийн ойгоор БНХАУ-ын нийслэл Бээжин хотод уг дуурийг тоглоход ардын жүжигчин С.Гэндэн туслах найруулагчаар ажилласан байна. Уг тавилт нь хятад дуурьтай төстэй болсон бөгөөд тайз, хувцасны эскизийг Л.Гаваа, Ц.Доржпалам нар хийж явуулжээ.
“Учиртай гурван толгой” дуурийг 1955 онд Тагна Тувад бүрэн бүрэлдэхүүнээр нь тоглосон бол 1988 онд Казахстаны Алма-Ата хотод “Ламбугайн нулимс” дуурийн хамт тогложээ. Мөн 1999 онд Монгол Японы соёлын харилцааны 25 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Японы дуучин Окуяма Юми Улсын дуурь бүжгийн академик театрын тайзнаа уг дуурийн нэгдүгээр үзэгдэлд Нансалмаагийн дүрд тоглосон байдаг.
1970-1980 онд ЗХУ-ын Их театрын тайзнаа, Болгар, Польш улсын театрт, 1986 онд Япон улсад болсон “Чио-Чио-Сан”-ы олон улсын уралдаанд, мөн Юндэн, Нансалмаагийн дуэтийг дуулснаар дэлхийн алдартай олон тайзнаа энэ дуурийн ая дуу монгол дуурийн төлөөлөл болон цуурайтсан.
Харин өнөөдөр “Учиртай гурван толгой” дуурь Чингисийн талбайд дуурийн тайзнаа эгшиглэж байсан тэр л хувилбараараа бүрэн эхээрээ тайз нь хэдэнтээ солигдон тоглогдох юм.
Г.ДАША
Эх сурвалж: http://entertainment.eagle.mn