Н.Лүндэндоржийн орны хүнийг хэзээ томилох вэ?

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Н.Лүндэндоржийн орны хүнийг хэзээ томилох вэ?

Н.Лүндэндоржийн орны хүнийг хэзээ томилох вэ?

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсноос хойш гурван сар болжээ. Түүний орны хүн болон ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг томилох санал хураалт болж, ямар ч гэсэн Т.Мэндсайхан, Д.Цогтсайхан нарыг зөвлөлийн гишүүнээр томилуулахаар Ерөнхийлөгчид саналаа хүргүүлэхээр болсон. Харин одоо Улсын Дээд шүүхээс нэг хүний нэрийг дэвшүүлж, Ерөнхийлөгчид хүргүүлснээр ШЕЗ бүрэлдэх учиртай.

Гэвч Улсын Дээд шүүхээс одоо болтол зөвлөлийн гишүүнээ тодруулаагүй байгаа аж. Тиймээс ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүн бүрэлдээгүй, үүрэгт хугацаа нь дууссан нэгэн нь одоо болтол ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн болон шүүгчдийн зүгээс нэр дэвшигчийг  сонгон шалгаруулах хурлаа хийгээгүй өдий хүрсэн бөгөөд одоогоор тус хурал нь болох эсэх нь тодорхойгүй байгаа аж.

ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж болон Ерөнхий зөвлөлийн хоёр гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж байгаа юм. Хуулийн дагуу Ерөнхий зөвлөл нь дарга, дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг анхан шатны шүүхийн шүүгчдийн болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тус бүр нэг, Хуульчдын холбооноос нэг, Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нэг хүний нэрийг тус тус санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч томилно. Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдож байсан Э.Батбаяр, Монголын Хуульчдын холбооноос томилогдож байсан В.Оюумаа нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоогүй учраас үүрэгт ажлаа үргэлжлүүлж буй.

Шүүхийн ерөнхий зөвлөл болон түүний дарга нь хуулийн дагуу гурван жилийн хугацаанд сонгогддог бөгөөд нэг удаа улиран сонгогдох боломжтой юм байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн таван гишүүний гурвыг нь Ерөнхийлөгч батламжлавал таван гишүүн хуралдаж, даргаа сонгох учиртай.

ШЕЗ-ийн шинэ бүрэлдэхүүн дундаас хамгийн олон хүний санал авсан нэр дэвшигчийг ШЕЗ-д буюу Н.Лүндэндоржийн оронд томилуулах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Ерөнхийлөгч түүнийг нь ШЕЗ-ийн даргаар сонгогдсоныг батламжлах хуулийн зохицуулалттай. Бүрэн эрх нь дуусаад гурван сар болж байгаа ШЕЗ-ийн даргыг орлох томилгоо яагаад Улсын дээд шүүх дээр гацав гэдэг хуулийн салбарын анхааралд байсаар байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж