Он гарсаар улсын хэмжээнд нийслэл Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 50 суманд нийт 88 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, урьдчилсан байдлаар 50 мянга 305.8 га ой, 255 мянга 373.6 га хээрийн талбай, нийт 305 мянга 679.4 га талбай түймэрт өртсөн байна.
Түймрийн улмаас байгаль экологид 23 тэрбум 756 сая 583 мянга 804 төгрөгийн хохирол учирч, түймрийг унтраахад 449 сая 663 мянга 142 төгрөгийн зардал гарчээ. Харин өнөөдөр буюу наймдугаар сарын 05-ны өдрийн байдлаар ой, хээрийн түймэр бүртгэгдээгүй байна.
Цаг уур, орчны шинжилгээний газраас авсан мэдээллээр наймдугаар сард агаарын температурын сарын дундаж ихэнх нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.5 градусаар дулаан, Хөвсгөлийн уулархаг нутгаар олон жилийн дунджийн орчим байх тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Тиймээс иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явахдаа автомашин техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах, гал асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Холбоотой мэдээ