Байрны түрээс бөөнөөр авах “моод” дэлгэрчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Байрны түрээс бөөнөөр авах “моод” дэлгэрчээ

Байрны түрээс бөөнөөр авах “моод” дэлгэрчээ

Өөрийн гэсэн орон байртай болж амжаагүй иргэд түр амьдрах газар түрээслэх нь элбэг. Нийтийн байр, хажуу өрөө, нэг өрөө гээд санхүүгийн боломжиндоо тааруулан сонгож амьдарна. Сар хүрэхгүй хугацааны дараа оюутнууд хөдөөнөөс ирнэ. Тэд ч мөн түрээслэх байрны эрэлд гарна. Эрэлт нэмэгдэхийн хэрээр байрны үнэ өсдөг гэх. Удахгүй хичээл, сургууль эхлэхтэй холбогдуулан хажуу өрөөний түрээсийн үнэ сонирхлоо.

-БАЙР ТҮРЭЭСЛЭХ ЭРЭЛТ ИХ БАЙНА-

Нэгээс дээш өрөө түрээслэх бол үнэтэй. Харин нийтийн байрны хувьд халуун ус бас нойл нь гадаа. Өөрөөр хэлбэл, амьдрахад тохь муутай. Иймээс боломжит үнэ, тав тухаа бодвол хажуу эсвэл нэг өрөө гэсэн сонголт үлдэж байгаа юм. Хажуу өрөө буюу бидний хэлж заншсанаар карма өрөө болон нэг өрөө байр энэ жил ямар үнэтэй байгааг мэдэхээр зарын сонин авч үзлээ. Сонин борлуулагдаад гуравхан цаг өнгөрчээ. Байр түрээслэх зарын хэсгийг дэлгээд эхнээс нь утас цохилоо. Гэвч ихэнх нь түрээслэх эзнээ аль хэдийн олжээ. Үүнээс байр түрээслэх эрэлт ямар их байдгийг мэдэж болмоор. Үлдсэн байруудын хувьд бүгд нэг ижил шаардлага тавьж байлаа. Тэр нь байрны түрээсийн мөнгөө бөөнд нь буюу 10 сараар төлөх байв. Байршлаасаа шалтгаан өөр өөр үнэтэй байгаа хэдий ч төлбөрийг бөөнд нь төлөх гэдэг бол өөрийн гэсэн орон гэргүй болон оюутан хүмүүст боломжгүй зүйл.

Ингээд “Хотын төвд нэг өрөө байр 300 мянгаар түрээслэнэ. Төлбөрийг 10 сараар бөөнд нь авна” гэсэн зарын дагуу түрээслэгчтэй очиж уулзахаар болов. Заасан байр нь хүнсний 1-р дэлгүүрийн орчим байрлах хуучны байруудын нэгж санж. Явж очвол түрээслэгч эзэн байрандаа засвар хийж байлаа. Дотроо гал тогоотойгоо нийлээд дөрвөн өрөө байв. Эзэн өөрөө амьдардаггүй бөгөөд дөрвөн өрөөгөө бүгдийг нь түрээслэдэг аж. Хоёр жижиг өрөө 300 мянга, харин хоёр том өрөө нь 350 мянга гэнэ. Жижиг өрөөг нь үзвэл ямар ч тавилгагүй, хулдаас дэвссэн, хагарсан цонхтой өрөө байв. Өвөл хагарсан цонхоор хүйтэн орох байхдаа гэвэл байрны эзэн хариуд “Харин ч агаар ороод зүгээр ш дээ, өвөл их халдаг юм” гэв.

-ТӨЛБӨР БӨӨНД НЬ ТӨЛӨХ ХЭЦҮҮ-

Биднийг ярилцаж байх хооронд том өрөөнд байсан айл түлхүүрээ хүлээлгэн өгч, нүүж байлаа. Ачаагаа зөөх эгчид туслангаа яагаад гарч буйн учрыг асуув. Эднийх дөрвөн жилийн өмнө Ховд аймгаас оюутан хүүхдээ бараадан хотод шилжин иржээ. Хамаатны айлын хашаанд бууж, хэдэн жил амьдарч байтал цахилгааны гэмтлийн улмаас гал алдаж гэр нь шатжээ. Орох оронгүй болсон тэд түрээсийн байр дамжин жил тойрон болж байгаа аж. Нөхөр нь архины хамааралтай, харин хүү нь өдөржин барилга дээр ажиллаж хэдэн төгрөг олно. Эгч өөрөө барилгын туслах тогооч хийдэг гэнэ. Олсон хэдэн төгрөг нь идэх уух, байрны түрээсээс хэтрэхгүй. Сарын байрны түрээс 350 мянгаа арайхийж төлдөг байна. Энэ байранд ороод хоёр сар болжээ. Гэвч түрээслэгч төлбөрөө 10 сараар өг эс бөгөөс гар гэжээ. Ингээд 10 сарын төлбөр 3 сая 500 мянгыг өгч чадахгүй тул нүүж байгаа нь энэ юм. Ер нь байрны эзэд оюутнууд явчихсан зуны хоёр сарын хугацаанд сар сард нь түрээслэчихээд намар болохоор төлбөрөө бөөндөж авдаг юм байна. Эгчийн яриагаар: “Уг нь энэ байр их аятайхан байсан. Хотын төвд тэгээд ус, цахилгааны мөнгөө төлөхгүй. Даанч нэг дор өгөх гурван сая төгрөг яаж байх вэ дээ. Аргаа бараад сар сард нь өгөх 700 мянгын нэг өрөө түрээслэхээр боллоо. Тэгж байтал арга нь олдох байх аа” гэв.

-БАРЬЦАА МӨНГӨ БАС ХЭРЭГТЭЙ-

Нэг өрөө түрээслэнэ гэсэн өөр нэгэн утас руу залгалаа. Энэ удаа бөөнд нь авахгүй гэсэн ч барьцаа мөнгө нэхэж байна. Хотын зах руу 21-р хороололд засвар хийсэн, гал тогооны булангийн тавилгатай нэг өрөөг 550 мянгаар түрээслэнэ гэв. Барьцаа гэж нэг сарын төлбөр нэмээд нийтдээ 1 сая 100 мянгыг төлөөд орж болно гэсэн хариу хэлэв. Яагаад барьцаа авч байгаа юм бэ гэхэд “Хүмүүс тавилга эвдэх, эсвэл төлбөрөө төлөхгүй зугатах ч юм уу янз бүрийн асуудал үүсгэдэг. Үүнээс урьдчилан сэргийлж байгаа юм” гэв.

Үүнээс үзэхэд хажуу өрөө түрээслэх 10 сарын дор хаяж гурван сая төгрөгтэй байх юм уу эсвэл барьцаа мөнгөтэй дээр нь сарын түрээсээ төлөх чадвартай байх хэрэгтэй болж байна. Өнөөдрийн байдлаар байршлаасаа хамааран хажуу өрөө 300-350 мянга, нэг өрөө 550-800 мянгын үнэтэй байна. Наймдугаар сард бензин, шатахуун нэмэгдэх сургаар энэ ханш өсөх магадлалтай. Өнгөрсөн жил хажуу өрөө 250-280 мянган төгрөг байжээ. Харин нэг өрөө 500-750 мянгын хооронд байсан байна.

-ДОЛООН ЖИЛИЙН ХУГАЦААНД 3 ДАХИН НЭМЭГДЖЭЭ-

Сүүлийн долоон жил түрээсийн байранд амьдарч байгаа Э.Цэрэндолгортой ярилцлаа. Тэрбээр ярихдаа “Хамгийн анх байр түрээсэлж байхад “Хүнсний 4”-д нэг өрөө байр 250 мянгатай байсан. Одоо бол хотын төвд хамгийн багадаа л 550 мянга байна. Гэхдээ төлбөрөө жилээр авна гэдэг болсон байна лээ. Үнийг нь дийлэхээ байгаад одоо Ганданд нийтийн байранд амьдарч байна. Нийтийн байранд сардаа 150 мянгыг төлдөг. Хямдхан ч гэсэн ээж маань настай хүн шөнө орой гарч бие засахад хэцүү. Тэгээд оюутнууд ирчихвэл шөнө архидаад унтахгүй, ер нь их тухгүй дээ. Тэгээд саяхан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт материалаа өгсөн. Зээлтэй болохоор тэнцэх үгүйгээ мэдэхгүй байна. Юу ч гэсэн итгээд л хүлээж байна” гэсэн юм.

 

 

Ц.Ариунзаяа

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж