Уран дархдуудын өлгий нутаг Сүхбаатар аймгаас төрөн гарсан зураач, урчуудын бүтээлийн “Тал нутгийн өнгө” үзэсгэлэн Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдлээ. Энэхүү үзэсгэлэнд Ардын зураач Д.Амгалан, Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Д.Дамдимаа, Х.Цэгмэд, зураач Я.Оюунчимэг, Дарьгангын алдарт уран дархан М.Балдан-Очир, М.Зундуй гээд нутаг усныхаа нэр алдрыг дуурсгасан 40 гаруй уран бүтээлчийн бүтээл багтсан юм. “Тал нутгийн өнгө” үзэсгэлэн өнөөдөр, маргааш үргэлжилнэ.
“Дарьганга нутгийн уяа” гэсэн бүтээлээрээ оролцож байгаа Монголын Урчуудын эвлэлийн шагналт зураач М.Эрдэнэбаяртай цөөн хором ярилцлаа. Түүний бүтээл үзэсгэлэнгийн хойморт заларчээ.
-“Тал нутгийн өнгө” үзэсгэлэнд олон уран бүтээлчийн бүтээл дэлгэгдлээ. Таны сэтгэгдлийг сонсмоор байна?
-Сүхбаатар аймгаас гаралтай олон зураач бий. Энэ нь цаанаа нэг уламжлалтай учраас ийм олон уран бүтээлч төрөн гарч байгаа гэж бодож байна. Өнөөдөр нийгмийн энэ хэцүү цагт урлагаа орхилгүй түүнийхээ цаана гараад өдий зэрэгтэй явж байгаа нутгийнхаа уран бүтээлчдэд бүгдэд нь баярлаж явдгаа хэлье. Энэ үзэсгэлэн үнэхээр Монголын орчин үеийн урлагийн түвшинд нийцсэн хот, хөдөөгийн янз бүрийн уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог болж байна. Миний хувьд мэргэжлийн хэмжээнд сайн үзэсгэлэн болж байна гэж харж байна.
-Энэ удаагийн үзэсгэлэн юугаараа ялгарч байна вэ?
-Мэдээж хэрэг, тал нутагт хараад байх юм бараг байхгүй. Тал нутагт хүүхэд насаа өнгөрөөсөн уран бүтээлчид их байна. Талд хамгийн гайхалтай нь нар жаргах байдаг. Энэ үед үүлс гоёмсог харагддаг. Тэндээс ганц зураач биш Монголдоо алдаршсан яруу найрагч О.Дашбалбар, Эрээн цавын Д.Нямсүрэн, “Төрийн соёрхолт” Г.Мэнд-Ооёо, яруу найрагч А.Төмөр-Очир гээд олон уран бүтээлч төрөн гарсны цаана мэдээж уламжлал ахуй байх, мөн байгалийн өвөрмөц байхгүй юм шиг хэр нь гайхамшгийг тогтоож чадсан тэр юм нөлөөлдөг юм байна гэж харагддаг.
-Сүхбаатар нутгаас төрөн гарсан уран бүтээлч дундаас дэлхийд бүтээлээ танилцуулсан нь цөөн байдаг. Таны хувьд энэ төлөөллийн нэг гэж бодож байна. Таны уран бүтээлийн онцлог юу вэ?
-Намайг залуу байхад Монголын нийгэмд шилжилт, урлаг ч барууны хэт задгай үе рүү орсон цаг үе байсан. Эхлээд миний сонирхол өөрөө байсан. Сүүлдээ монгол сэтгэлгээ гэдэг зүйлийг бариад орчин үеийн урлагт нийцүүлэн бүтээлээ туурвиж эхэлсэн. 1992 оноос эхлэн морь дагнан уран бүтээлээ хийж байна. Энэ бүтээлүүд маань ч гэсэн үр өгөөжөө өгч байна гэж харж байна. Үүнийг дагаад залуучууд төрөн гарч орчин үеийн урлагаараа бүтээлээ туурвиж байгаа нь харагдаж байна. Мөн том том барималчид төрөн гарлаа. Миний хүү ч Олон улсад Монголыг төлөөлөн бүтээлээ гаргаад эхэллээ.
Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН