Шинэ серийн “азын” дугаарын үнэ 25 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Шинэ серийн “азын” дугаарын үнэ 25 саяд хүрчээ

Шинэ серийн “азын” дугаарын үнэ 25 саяд хүрчээ

Автомашины “УАА” гэх шинэ сери задраад 14 хоног болж байна. Гэтэл нийгмийн сүлжээнд “99 99, 88 88, 22 22 алтан дугаартай шинэ сери зарна” гэх зарыг байршуулаад эхэлжээ. Эдгээр зарын доод хэсэгт цөөнгүй хүмүүс үнэ мөнгийг нь сонирхон асуусан харагдав.

Зарын дагуу 990622…дугаартай утас руу залгаж, асуутал “Одоо “УАА 22 22” гэх шинэ серийн азын дугаар ганцхан үлдээд байна. Зөвхөн импортоор орж ирсэн шинэ машинд худалдана. Хуучин машинд худалдахгүй. Үнэ нь 25 сая төгрөг гэж байна. Энэ миний эрхийнхээ хүрээнд авсан дугаар байгаа юм” гэв. Энэ мэт автомашины серийн дугаараар гангардаг моод улам бүр дэлгэрч, хурган бизнес болтлоо цэцэглэсэн нь нууц биш болоод байна.

НИЙТ 2642 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛД ШИНЭ СЕРИ ОЛГООД БАЙНА

Авто тээврийн үндэсний төвөөс “УАА” шинэ серийн дугаарыг өнгөрөгч долдугаар сарын 24-нөөс эхлэн иргэдэд цахимаар олгож эхэлсэн. Ингэснээр иргэн автомашиндаа дугаар авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн албан ёсны сайт руу хандаж, хүссэн дугаараа гар утсаараа, компьютерээс, тус төв дээр байрлах дэлгэцээр шууд захиалах боломжтой болсон.

Тээврийн хэрэгсэл шинээр худалдан авч буй иргэн https://burtgel.transdep.mn/ холбоосоор орж, харьяаллын дагуу аймгаа сонгон, сул байгаа дугаараас сонгон регистрийн дугаар болон тээврийн хэрэгслийн арлын дугаарын сүүлийн таван орныг оруулснаар тухайн дугаараа захиалан авах боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Наймдугаар сарын 02-ны байдлаар нийт 2642 тээврийн хэрэгсэлд шинэ серийн дугаарыг олгоод байлаа.

Харин сошиалд зарим иргэд “Авто тээврийн үндэсний төвөөс шинэ программынхаа сүлжээгээ хааж байгаад “азын” дугаараа түүгээд авсан байна лээ. Шинэ сери дунд олигтой дугаар нэг ч алга” хэмээн бухимдлаа илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

Энэ асуултын хариултыг олохоор Авто тээврийн үндэсний төвийг зорин очлоо. Тус төвийн хоёр давхарт байрлах бүртгэлийн хэсэгт цөөнгүй жолооч автомашины дугаар авч байсан боловч шинэ сери авч байгаа жолооч тааралдсангүй.

Хүмүүс дунд шинэ сери сонирхож буй нэг иргэн “Шинэ задарсан серийн алтан дугаарууд нь цахим бүртгэлд орсон даруйдаа дороо алга болчихдог. Алтан дугаарууд нь бараг олдохгүй байгаа юм шиг байна лээ. Энэ программ дээр нь “Сул”, “Олгогдсон” “Захиалсан”,  “Хүлээгдэж буй” гэсэн төлөв байгаагаас алтан дугаарууд нь хүлээгдэж байгаа гээд программд ороогүй цаанаа байгаа гэсэн үг. Зарим хүмүүс нь “Шөнө таараад, алтан дугаар авчихлаа. Алтан дугаараа зарна” гэх юм. Зарах боломж байдаг ч юм уу бүү мэд” хэмээн бухимдангуй ярилаа.

ШИНЭ СЕРИЙН 270 “АЗЫН” ДУГААРЫГ САНАМСАРГҮЙ УНАХААР ПРОГРАМЧИЛЖЭЭ

Нэг давхарт үйл ажиллагаа явуулдаг улсын дугаарын үйлдвэрүүдээр ихэвчлэн хуучин машин худалдан авч буй иргэд үйлчлүүлж, дугаар хэвлүүлдэг аж. Эдгээр үйлдвэрүүдэд автомашины сери хосоороо 30 мянга, ширхэг нь 15 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд шинэ “УАА” серийг ч ялгаагүй ийм үнэтэй хийдэг тухай ажилчид нь хэлж байв.

“Крэйзиспийд” улсын дугаарын үйлдвэрийн ажилтан Н.Батаа “Шинэ сери хэвлүүлж байгаа хүмүүс тун цөөн ирж байна.Ойролцоогоор өдөрт 10 орчим жолооч шинэ серийн дугаараа хэвлүүлэх захиалга өгч байна” гэлээ.

Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Н.Бямбадоржоос тодруулсан юм. Тэрбээр “Манай байгууллага 2012 оноос хойш улсын дугаарын шинэ сери задлаагүй юм билээ. Одоо хуучин улсын дугаарын нөөцгүй болсон учраас 2019 оны долдугаар сарын 24-ны өдрөөс эхлэн шинэ сери задалж, иргэдэд цахимаар олгож эхэлсэн.

Ингэхдээ зөвхөн импортоор орж ирсэн тээврийн хэрэгсэлд шинэ сери олгоно. Мөн хуучин автомашинд орон нутгаас Улаанбаатар руу шилжиж орж ирж байгаа тохиолдолд шинэ сери олгож байна. Жолооч нар хуучнаараа тэмдэгтийн хураамжийн 7600 төгрөгөөр тушаадаг хэвээрээ.

Бид энэ удаа улсын дугаарын шинэ сери олгохдоо нэлээд ажлыг төлөвлөж, бэлтгэл ханган, бүртгэлийн шинэ программ нэвтрүүлсэн. Улсын дугаарын нэг серид нийт 9999 дугаар багтдаг. Тэр дунд “азын” гэх тодотголтой 270 дугаар байдаг юм. Гэтэл манай улсад импортоор нэг өдөрт 400-500 шинэ автомашин оруулж ирдэг. Тиймээс азын дугаарыг нээлттэй цахим программд оруулбал нэг өдөртөө л дуусчихна. Тэгэхээр хүмүүс “Мэдээлэлд ойр байгаа нь “азын” дугаар авчихлаа. Арын хаалгаар дугаар олгож байна” гэж шүүмжилдэг.

Тиймээс манай байгууллагын зүгээс олон хүмүүст боломж олгох үүднээс “азын” гэх ижил тоотой 270 дугаарыг санамсаргүй байдлаар унахаар өдөрт тодорхой тооны хязгаарлалттайгаар олгохоор програмчилсан. Иргэд бусад шинэ серийн дугаарыг чөлөөтэй сонгон захиалах боломжтой” гэж тайлбарлалаа.

Мөн тэрбээр яриандаа “Анх удаа шинэ программ нэвтрүүлэхээр ганц нэг сөрөг үр дагавар ажиглагдаж байна. Жишээлбэл, хүний хаягаар захиалж мөнгө авах, өөрийн захиалсан дугаарын хугацаа дуусах болоход өөр хүний хаяг дээр шилжүүлэх зэрэг асуудлууд гарч байна. Сошиалд “Шинэ сери зарна” гэх зарууд цацагдаж эхэлсэн байсан. Иргэддээ анхааруулж хэлэхэд энэ бүгд худал зар шүү. Итгэж мөнгө төгрөгөө бүү алдаарай” гэж сэрэмжлүүлье.

Одоогоор өндөр үнээр шинэ серийн азын дугаар авч хохирсон гэх гомдол ирээгүй байна. Сошиалд зар байршуулсан хүмүүстэй холбогдож, зохих шалгалтыг явуулж өгөхийг Эрүүгийн цагдаагийн газар болон Тээврийн цагдаагийн газарт хандсан. Зарим зарыг сонсохоор зориудаар ийм зар байршуулсан байсныг тогтоосон. Тодруулбал, “УАА 88 88 дугаарыг зарна” гэж зар тавьсны дагуу утасдахад тэр дугаар нь аль хэдийн долдугаар сарын 26 –нд хүндээ очсон байсан жишээтэй” гэв.

Тээврийн хэрэгсэл эзэмшигч автомашиныхаа дугаарыг сольж болдог байсныг болиулсан. Анх ямар дугаар сонгоно тэр дугаартайгаа хамт машинаа шилжүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын дугаар Улаанбаатарын дугаараар солигддогийг зогсоосон гэсэн үг. Харин орон нутгаас Улаанбаатар руу, Улаанбаатараас орон нутгийн дугаараар солигдож байгаа тохиолдолд сольж болно гэдгийг албаныхан онцолсон юм.

Учир нь үүний цаана замын хөдөлгөөний гаригийн хязгаарлалттай холбоотойгоор автомашины дугаарын бизнес ихээр хийж байгаа учраас таслан зогсоохоор ийм зохицуулалт хийсэн талаар мэргэжилтэн хэллээ.

ЦАХИЛГААН МАШИН НОГООН, НИЙТИЙН ТЭЭВЭРТ ШАР ДЭВСГЭРТЭЙ ДУГААР ОЛГОНО         

Монгол Улсад нийт 900 гаруй мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Үүнээс 800 гаруй мянгыг нь автомашин эзэлдэг. Нийслэл хотод 500 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас байнгын идэвхтэй хөдөлгөөнд оролцдог 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл бий.

“Авто тээврийн улсын бүртгэлийн сери дугаарт нэмэлт өөрчлөлт орсонтой холбоотойгоор нийтийн тээврийн хэрэгсэлд шар дэвсгэртэй хар дугаар, 100 хувь цахилгаан мотортой, эсвэл устөрөгчийн хөдөлгүүртэй машинд ногоон дэвсгэртэй цагаан дугаар, тусгай замын тээврийн хэрэгсэл буюу хүнд механизмд хар дэвсгэртэй цагаан дугаарыг олгодог болсон. Харин энгийн дугаарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй” гэдгийг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбат хэлж байв.

Гэрэл зургийг: Н.Батмөнх

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж