Оросын их баривчилгаа

Хуучирсан мэдээ: 2019.08.05-нд нийтлэгдсэн

Оросын их баривчилгаа

Оросын их баривчилгаа

Шударга сонгууль явуулахыг шаардсан жагсагчдыг цагдаагийн хүч ашиглан тараасан том хэмжээний үйл явдал ОХУ-ын нийслэл Москва хотноо өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан хийсэн 1000 орчим хүнийг баривчилсан тухайгаа цагдаагийн албаныхан мэдэгджээ. Энэ нь сүүлийн 10 жилд болоогүй том хэмжээний баривчилгаа байв. ОХУ-д олныг хамарсан жагсаал цуглаан болдог ч хэзээ ч 1000 шахсан хүнийг баривчилж байсангүй. Жагсаалыг ирэх есдүгээр сард болох Оросын хотуудын Думын сонгуульд нэр дэвшихийг нь хориглосон улстөрчид зохион байгуулжээ. Бие даасан хяналтын байгууллага “ОВД-инфо”-гийн мэдээлснээр Бямба гаригт Москва хотноо 828 хүнийг баривчилжээ. Баривчилгааны үеэр цагдаа нар хэрцгий авирлаж, жагсагчдыг газарт унаган зодож, занчсан гэж эх сурвалжууд мэдээлжээ. Цагдаагийн газраас 1500 хүн оролцсон жагсаалын үеэр 600 орчим хүнийг баривчилсан гэж мэдэгдсэн байна. Харин сөрөг хүчний идэвхтнүүд жагсаалд оролцогчдын тоо 10 мянгад хүрсэн гэж мэдэгджээ. Ажиглагчдын мэдэгдсэнээр сүүлийн 10 жилд анх удаа жагсаал цуглааныг тараахаар цагдаагийн өргөн бүрэлдэхүүнийг дайчилсан байна. Түүнчлэн Москва хотын төв хэсгийн зарим газарт гар утсаараа интернэт орох сүлжээг хааж, хүмүүсийг бөөгнөрөн зогсохыг хориглож байжээ.

Баривчилгааны үеэр тэрбум рублийн мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйгийн холбоотон Любовь Совол байна. Түүнийг хотын төв рүү явахаар орон сууцнаасаа гарч ирмэгц цагдаа нар баривчлан явжээ. Алексей Навальныйг авлигын эсрэг сангаар дамжуулан нэг тэрбум рубль буюу ойролцоогоор 15.3 сая ам.долларыг угаасан хэргээр баривчилсан юм. Мөн тэрбээр 2028 он хүртэл бүх шатны сонгуульд өрсөлдөх эрхээ хасуулаад байгаа юм. Гэвч сонгууль дөхсөн энэ үед сөрөг хүчний улстөрчийг баривчлан хорьсон нь улс төрийн зорилготой гэх хардлага төрүүлж байна. Оросын сонгуулийн хорооноос тайлбарласнаар сөрөг хүчний нэр дэвшигчид хангалттай гарын үсэг цуглуулж чадаагүй тулд ирэх сонгуульд өрсөлдөх боломжгүй болжээ. Москва хотын сонгуулийн хороо хотын зөвлөлийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн хэд хэдэн бие даагчийг бичиг баримт дутуу бүрдүүлсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм. Сонгуульд нэр дэвшихийн тулд тодорхой тооны иргэдийн гарын үсэг цуглуулах ёстой байдаг. Сонгуулийн хороо нийт 233 нэр дэвшигчийг бүртгэж, 57 хүний цуглуулсан гарын үсгийн зарим нь хуурамч гэж үзэн бүртэхээс татгалзжээ. Ирэх есдүгээр сард болох орон нутгийн сонгууль нь ирэх 2021 оны парламентын сонгуулийн өмнөтгөл, сунгаа болж буйгаараа ач холбогдол өндөр байна. Иргэд сөрөг хүчний нэр дэвшигчдийг хориглосныг эсэргүүцэж, жагсахаас өөр сонголтгүй болсноо тайлбарлажээ. Түүнчлэн зарим жагсагчид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг “хулгайч” хэмээн цоллож байв.

Орост эсэргүүцлийн жагсаал долоо хоногийн өмнөөс эхэлсэн ба голдуу залуу хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхээр жагссан байв. 1300 орчим хүн оролцсон жагсаалыг цагдаа нар хэдэн хүнийг баривчлан айлгаснаар хялбар тараажээ. ОХУ-д жагсаал, цуглааны хуулийг зөрчвөл 300 мянган рубль буюу ойролцоогоор 4596 ам.доллароор торгуулдаг аж. Мөн Бямба гаригийн баривчилгааны өмнө нийтийг хамарсан бослого өдүүлсэн гэх хэрэг үүсгэн хүмүүсийг баривчилж, гэрт нь нэгжлэг хийсэн байв. ОХУ-д олон нийтийг бослого тэмцэлд өдөөн турхирвал 15 жил шоронд хорих хүртэл ял оноодог аж. Харин сөрөг хүчний тэмцэгчид ОХУ-ын Үндсэн хуульд иргэдийг чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлэн жагсах эрхийг заасан байдаг гэжээ. Гэхдээ албаныхны зүгээс жагсаал цуглаан хийхийн өмнө цаг хугацаа болон байршлыг урьдчилан мэдэгдэх ёстойг сануулжээ.

Нөгөө талд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины рейтинг ард иргэдийн дунд унасаар байгаа ч бусад орны удирдагч нартай харьцуулахад өндөр хэвээр байна. Оросын “мөнхийн удирдагч” хочийг аваад буй Владимир Путин өнгөрсөн онд сонгуульд ялснаар 2024 оны хүртэл Ерөнхийлөгчөөр ажиллах болсон юм. Тэрбээр зургаан удаа ОХУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Харин Бямба гаригт болсон их баривчилгааны талаар Кремль болон Владимир Путин ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж